Хайлт хийх

Ж.Нэргүй: Манайхны зохиолууд амьдралыг зүгээр л хуулбарлачихдаг, үйл явдал нь унтаа, зохиомж нь хуурай

  2019-01-05
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж, түүний амьдрал, уран бүтээлийн талаар хөөрөлдлөө. Соц нийгмийн үед хөдөө орон нутагт хотууд байгуулах бодлогын дагуу аймгуудыг инженерийн шугам сүлжээнд холбох, энэ чиглэлийн дунд мэргэжилтнүүдийг төрийн бодлогоор бэлдэж эхлэхэд төрийн захиалгаар Орост бэлтгэгдсэн мэргэжилтэн. Усан хангамж, ариутгах татуургын техникч, технологич мэргэжил эзэмшиж, Чойбалсан хотын Ус сувгийн байгууллагын шугамын засварчнаас ерөнхий инженер хүртэл 13 жил ажилласан тэрбээр хожим орчуулга, шүлэг, найраг руу урвасан нь Монгол оронд Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн үетэй шууд холбоотой. 

Ардчиллаас хойш түүний далд сонирхол нь сэргэж, Америкийн зохиолч, философич Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”, Польшийн зохиолч Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, “Ленин”, Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, Сергей Есениний “Сонгомол шүлгүүд”, Высоцкийн “Бухимдал”, Евтушенкогийн “Надаас та нар намайг булаагаад авчихжээ” зэрэг 30-аад яруу найраг, уран зохиол, түүхийн сэдэвт ном орчуулснаараа хэдийнэ “номын хорхойтнууд”-ын танил болжээ. Ж.Нэргүй орчуулгын бүтээлүүдээ улам чамбайруулж, 1824 онд хэвлэгдсэн, Монголын нийгмийн талаарх түүхэнд тэмдэглэгдээгүй тасарсан он цагийг нөхөх “1820 онд Монголоор дайран Хятадад зорчсон тэмдэглэл” хэмээх, тухайн үеийн Монголоор явж өнгөрсөн Оросын Хаант улсын ГЯЯ-ны түшмэлийн аян замын тэмдэглэлийг орчуулаад, хэвлүүлэхэд бэлэн болжээ. Багагүй цаг зарцуулж, оюунаа чилээж гараас гаргасан гурван дэвтэр бүтээл тул хэвлэлтийн зардал ч тэтгэвэртээ суугаа даржинхан амьдралтай орчуулагчийн түрийвчийн хэрээс хэтийдэх аж. 

-Таныг чинь угаасаа л орчуулагчийн мэргэжилтэй гэж бодоод байтал Ус, сувгийн инженер байж. Тэр талаараа эхлээд ярьж өгөөч!
-Намайг наймдугаар анги төгсөх үед Ус, сувгийн мэргэжилтнүүд ховор,  1960-аад онд Ус, сувгийн дээд мэргэжил эзэмшээд ирсэн хоёр хүн л манай НАААҮ-ний яаманд байсан. Харин биднийг анх 1972 онд Ус, сувгийн техникумд явуулж, үйлдвэрлэл дээр ажиллах анхны дунд мэргэжилтэн есөн хүүхэд төгсгөсөн юм. 1977 онд төгсөж ирээд Дорноддоо хуваарилагдлаа. Чойбалсан хот 1970-аад оноос эхлэн хот маягаар хөгжиж эхэлсэн улсын хэмжээний гурав дахь том хот, Монголын Европ! Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотын ус сувгийн байгууллага тав, таван жилийн зайтай байгуулагдсан юм.

Өлзийбаатар гэж инженер бид хоёрыг төгсөж очиход, Дорнодын Ус, суваг мэргэжлийн хүнгүй, анх л оросуудын барьж өгсөн хэвээрээ. Тэр олон техник, тоног төхөөрөмжийн засварыг яаж, ямар хугацаатай хийх, технологийг нь яаж нарийн эзэмших, шугам хоолойн эзэмшлийн хязгаарыг яаж тогтоох энэ тэрийг мэдэх мэргэжлийн удирдлагагүй байлаа. Тэгээд л техникум төгссөн шалихгүй амьтныг шугамын засварчнаас нь эхлүүлэн бүх шат дамжлагад ажиллуулаад ерөнхий инженерээр тавьсан. Харин сайхан, сайхан ажилчид олон байлаа. Тэднийгээ даган, тэр аймгийн чинь бохир усанд жинхэнэ утгаар нь сэлж явж байж туршлага суусан даа. 

-Технологи нь тийм муу байсан хэрэг үү, яагаад тэр вэ? 
-Яалаа гэж дээ, оросууд сайн юм хийж өгсөн байсан. Даанч мэргэжлийн удирдлагагүй,  технологийг нь мэдэхгүйгээс л засвар тордлого дутчихгүй юу. Яг л одоогийн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг яаж ашиглаад ийм болгочихсон шиг. Бохир усанд нь гурван жил “сэлж байж” технологийн горимонд нь оруулсан юм. Дараа нь би цэвэр ус руу томилогдсон. Чойбалсан хотын ундны ус төмрийн дутуу исэлтэй /закись железа буюу FeO/. Яагаад тэр вэ гэвэл, хүрэн нүүрсний орд газрын хөрснийх нь ус төмрийн дутуу исэлтэй байдаг юм. 

Зохиолч тэр хатуу нийгэмд өөрийнхөө хэлж чадаагүйг, миний төгсгөл ойртлоо гэдгийгээ мэдэнгүүт гэрээслэл маягаар бичээд “Би уншиж чадахгүй нь, оршуулган дээр маань уншиж өгөөрэй” гэж загасчлахдаа хамт явж архиддаг байсан анддаа өгснийг нь оршуулган дээр нь уншдаг.

-Дорнод аймаг Адуунчулууны нүүрсний уурхайтай. Түүнээс болсон хэрэг үү? 
-Түүнээс чинь л болдог юм. Дорнод аймгийн төвийн доогуур тэр чигтээ хүрэн нүүрсний орд бий. ДЦС-ын баруухнаар аймгийн төвийг дамжаад баруун урагш чиглэсэн судал байдаг. Тэгэхээр хөрсний ус нь насосаар дамжаад газрын гадаргууд гарч ирэнгүүтээ төмрийн бүрэн исэл буюу окись железа /Fe2O3/ болчихдог юм. Крантны ус нь уух, усанд орохын аргагүй улаан хоормог. Нүдэнд харагдаж байгаагаар нь түүнийг зэв гэдэг дээ, бид. Тийм усыг байнга уухаар элэгний циррозтой болдог. Чойбалсан хотынхон одоо тэр хүнд үеэ мартчихсан юм шиг байна билээ. Бид аргагүйн эрхэнд хотынхоо ундны усыг төмрийн зэвнээс салгах гэж шат дараалсан 3-4 арга хэмжээ авсан. Тэгээд 1988 онд усаа жинхэнэ цэвэршүүлж, архи шиг тунгалаг болгосон доо.

-Яаж цэвэршүүлсэн хэрэг вэ?
-Аж ахуйн аргаар өөрсдөө төмөргүйжүүлэх станц гэдэг юм анх удаа Монголд босгосон. Миний сайных биш ээ, Зөвлөлтийн мэргэжилтэн Хмелевской гэж нэг агуу инженер байсан, одоо ч нас 80 гарчихаад Кабардин –Балкарын нийслэл Нальчикт цорын ганц байдаг Оросын Драмын театрын ерөнхий продюссер хийгээд гялалзаж яваа. Тэр хүн ирээд жинхэнэ нарийн технологийн ажил эхлүүлсэн, надад маш их юм сургасан. Өмнөх, хойдхи инженерүүд нь ирээд 3-4 жил архидаж байгаад л буцдаг байлаа. Харин бид тэр инженерийнхээ зураг, зөвлөгөөгөөр эхлээд тйим станц, дараа нь Цэвэр усны станцын өргөтгөлийн нэмэлт төслийн хүрээнд тухайн үеийн ЗХУ-ын хамгийн тэргүүний технологийн Төмөргүйжүүлэх станцтай болсон. Тийм нарийн ажиллагаатай байгууламжийг Монголдоо анх удаа тухайн үеийн Нийгэм ахуйн барилга трестийнхэн (одоогийн энэ Монинжбар компани) босгож чадсан юм. Бүрэн автомат ажиллагаатай станц. Одоо ч манайхан монголчлоод дууссан байна билээ дээ. Тэгтэл удалгүй ардчилал ч эхэллээ, нийгэм ч задгайрлаа. Нэг муу техникум төгссөн миний ч “ариун бодол” дууслаа. Техникумын боловсролтой би төдий дайны ажил хийсэн маань “хватит” гэж боддог.

АЙМГИЙН НАМЫН ХОРООНД "ГОРЬКИЙН СУРГУУЛЬД ЯВЪЯ" ГЭЖ ӨРГӨДӨЛ ӨГСӨН ЧИНЬ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

-Та цаашаа дээд мэргэжлээр суралцах ёстой байсан юм биш үү? 
-Тэр үед ховор мэргэжил байсан учир биднийг чинь, арын хаалгадахгүй л бол гадаадад байтугай, дотоодод ч сургуульд явуулдаггүй байлаа. Бас тайван цагт цэргийн албанд татаж болохгүй гэсэн МАХН-ын Төв хорооны тусгай тогтоолтой байсан юм билээ. Би ч нэг их хүчилдэггүй байсан, дорхноо л гурван  хүүхэдтэй болчихсон юм чинь. Нэг удаа аймгийн Намын хороонд Горькийн сургуульд явъя гээд өргөдөл өгсөн чинь зөвшөөрөөгүй. О.Дашбалбарын явсан жил л дээ. 

-Нам, төрийн даалгавраар Орост мэргэжил эзэмшиж, орон нутагт ажилласан Та Ардчилсан намын гишүүн байсан юм уу?
-Байсан л юмыг чинь, яадаг юм. Анхлан Ардчилсан холбоонд элссэн. Сүүлд ч Ардчилсан намын хэвлэлийн албанд зөндөө л ажиллалаа. Анхнаасаа жаахан эсэргүү сэтгэлгээтэй, сүүлд нь Горбачёвын “Перестройка”-г дэмжих сэтгэлгээтэй болчихсоныг хэлэх үү. Тэгсэн чинь хавчаад эхэлнэ биз дээ. Яаж хавчиж байсан гээч? Ус сувгийн гол “талх” юу юм, чи мэдэх үү? Яндан хоолой гагнадаг гагнуурын савх буюу электрод л байхгүй юу. Материал хангамжийн бааз руу “Дөрвөн авдар электрод хэрэгтэй байна” гээд албан бичиг бариад очиход “Чи тэр ардчиллынхнаасаа очиж авахгүй юү” гэж урдаас бичгийг маань шиддэг болсон. Би ямар, зөвхөн ардчиллынханд зориулж цэвэр ус өгөх гэж байгаа юм уу? Тэр мэтийн зөндөө юманд нь дургүй хүрээд, элдэв нэмэгдэлтэйгээ 1027 төгрөгийн цалинтай байсан хүн чинь өргөдлөө өгөөд ажлаасаа гарчихсан юм.

Ардчиллыг дагасан түүх маань гэвэл, 1989 оны 11 сарын 28-30-нд болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөнд Дорнодоос төлөөлөгчөөр ирж оролцов оо. Манай аймгаас залуу зохиолчдыг төлөөлж би, зураачдыг төлөөлж Доржгочоо, Театраас хөгжимчин, дуучин, эдүгээ Улсын гавьяат жүжигчин Ганзориг, өөр нэг, нэр нь хэн ч билээ бүжигчин эмэгтэйтэй дөрвүүлээ ирсэн. Би сагсуураад л, Хөвсгөл нуурыг хамгаалах талаар нээг их үг хэлээд л, энэ “Өргөх бичиг” гэдэг үгийг чинь анх түрүүн гаргаж ирээд л, өнөөх үгийг маань ойлгохгүй болохоор нь тэр өдөр салбар хуралдаан удирдаж байсан зохиолч Д.Гармаа гуайд оросоор “петиция” гэж тайлбарлаад л, зохиолч П.Баярсайхан агсантай хоёулаа текстийг нь зохиож өгөөд л. 

Маргааш нь нэгдсэн хуралдаан дээр өнөөх Өргөх бичгийг чинь зохиолч “радиогийн” Дамбадаржаагийн Намсрай гуай индэр дээрээс уншиж, Төв хорооны  нарийн бичгийн дарга Ц.Намсрай гуайг үзэгчдийн суудлаас дуудаж гардуулсан, дөрөв хоногийн дараа Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоол гарч, Хөвсгөл нуурын эрэг дээрх Уран Дөшийн фосфорын уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон байдаг юм шүү дээ. Тэр үеийн “Үнэн” сонин дээр ч өргөх бичиг, тогтоол хоёр нь хэвлэгдлээ, миний үеийн, одоогийн энэ том зохиолч, найрагчид ч бүгдээрээ мэднэ дээ. Олонхтой нь л тэгэхэд анх танилцсан юм даг. Тэр үеэр Элбэгдорж, Дарь.Сүхбаатар энэ тэрийн яриаг сонсоод, ардчиллын тухай ойлголт аваад буцсан. Тухайн үед Горбачёвыг зүүдэлдэг байсан улс чинь дорхноо холбогдчихгүй юу. Ийм байхад ардчиллыг анхнаас нь дагаагүй гэж хэн хэлэх вэ!

-Ажлаасаа гарч “Лааз өшиглөх”-өөр шийдсэн хэрэг үү?
-Тэр үед чинь “лааз өшиглөх” гэдэг ойлголт гараагүй байлаа. 2000 онд л Цэнддоо нь ч бил үү, Баабар нь ч бил үү, гаргаж ирж “гүйлгээнд оруулсан” юм. 1990 оны намар төрөлх Ус, сувгаа хаяад, хар багаасаа мөрөөддөг байсан ажлаа хийнэ гээд аймгийн “Дөл” сонинд 600 төгрөгийн цалинтай сурвалжлагчаар ажиллах болов оо. Сонины макет, сурвалжлага, нийтлэл гэж юу байдгийг зааж өгсөн хүмүүс гэвэл одоо Үндэсний телевизэд редактор хийж байгаа “томоо” буюу Ж.Эрдэнэцогт. Манай сонины эрхлэгч байсан юм. 

-Эрдэнэцогт сэтгүүлч чинь Танаас хамаагүй залуу хүн биз дээ? Тэгээд таны багш уу?
-Тэгээд яагаав. Их сургуулийн сэтгүүлчийн анги төгсөөд ирсэн өндөр бор залуу байсан юм. За тэгээд, одоогийн энэ “Дорнод” сонин, телевизийн захирал Б.Туяа, ахмадаас нь гэвэл Цэвэгсүрэн гуай, Дугарсүрэн гуай, өндөр хэвлэлийн фото-цайр зураг гэж юу байдаг, хулдаасан бар гэдгийг зааж өгсөн фото зурагчин Батцэрэн гээд дурсвал олон хүн бий. Сониндоо зургаан сар ажиллалаа, өнөөх ардчиллын сэтгэлгээ хатгаад болдоггүй ээ. Бас л хаяад аймгийн радиод Хэрээ гуайд очлоо. Тэнд очоод удалгүй 1992 онд Монголд хамгийн анхны хөдөөгийн, студийн телевиз байгууллаа. Зураач Пүрэвийн Мэлстэй гурвуулаа. Нэвтрүүлгийг маань бас Сүхбаатар, Хэнтийн төвд Радио релейний шугамаар үздэг байсан юм гэсэн. 

Тэгтэл бас л болохгүй санагдаад явчихаар нь мөн л ажлаа хаячихаад архидаж явтал нэг өдөр Г.Аким гуай утсаар яриад “Ил товчоо” сониндоо хүрээд ир гэсэн. Тэр үед би Чойбалсан хотын захиргааны “Баянтүмэн” гэж сонин гаргаад ажиллаж байсан юм. Тэгээд 1993 оны наадмын маргааш Ил товчоонд ирж, сэтгүүл зүй, бичиг цаасны ажилд эргэлт буцалтгүй орсон хэрэг. Уг нь ч эрт л эхлэх байсан юм. Гэвч хамаг залуу насаа Дорнодынхны усыг зөөж, бохирыг базаж өнгөрөөсөндөө огтхон ч гутардаггүй ээ. 

МОНГОЛД ГАРЫН АРВАН ХУРУУНД БАГТАХ ГАЙГҮЙ ЗОХИОЛЧ БАЙСАН ЮМ ШҮҮ

-Таны орчуулгын номууд дунд Оросын сүүл үеийн нэрт зохиолчдын бүтээлүүд гол байр суурь эзэлдэг. Орчуулгын зохиол руу яагаад татагдах болов оо? 
-Хойно техникумд сурч байхдаа их уншдаг байлаа. Англи хэл ч үзэж байлаа. Сургууль төгсөж ирэхдээ толь бичиг бариад, юм орчуулах хэмжээний англитай болчихсон байсан. Даанч Монголд маань англи хэлний орчин байхгүй учир хаячихсан. Манай Ус, сувагт чинь тоног төхөөрөмжийн, цахилгааны, нарийн хэмжүүр автоматикийн инженер, лаборант гэх мэтийн нарийн мэргэжлийн 3-4 орос мэргэжилтэн томилолтоор байнга ирж ажиллана. 

Тэдэнтэйгээ өдөр бүхэн харилцдаг учраас орос хэлээ мартахгүй байж чадсан байх. Тэгээд Монголынхоо зохиолчдын бүтээлийг уншихаар их голно. Тэр үеэс л “Хэдий болтол манайхан реализмаар сэтгэлээ зогоох юм бэ?” гэж бодох болсон. Тэр үед зөвхөн өөртөө богинохон шүлэг хааяа орчуулна. Оросын цэрэг, дайны сэдвийн яруу найраг маш сайн шүү дээ. Есениний ганц нэг шүлэг орчуулах гэж оролдоно. Тэгж явсаар хамгийн анх Францын дундад зууны үеийн зохиолч Проспер Мериме-гийн “105 дахь өрөө” гэж өгүүллэг орчууллаа. Аятайхан болчих шиг санагдсан, “Баянтүмэн” сониндоо ч хэвлүүллээ. Тэрэндээ урамшаад Эстонийн орос-ховрой зохиолч Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн”-ийг 1999 онд орчуулсан. 

-Энэ чинь зохиолчийн гэрээслэл юм шиг байсан байх аа? 
-Олонд хүргэх арга нь тэр байсан. Зохиолч тэр хатуу нийгэмд өөрийнхөө хэлж чадаагүйг, миний төгсгөл ойртлоо гэдгийгээ мэдэнгүүт гэрээслэл маягаар бичээд “Би уншиж чадахгүй нь, оршуулган дээр маань уншиж өгөөрэй” гэж загасчлахдаа хамт явж архиддаг байсан анддаа өгснийг нь оршуулган дээр нь уншдаг. Тухайн нийгмийг зохиолчийн байр сууринаас мундаг шүүмжилсэн, мундаг шуугиан тарьсан эд л дээ. Тэр орчуулга маань хожим “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн, манайд ч бас л хүлээж авахаар тааруу байсан ш дээ. Сэтгэлгээнээсээ салж чадахгүй байсан юм чинь. Гэтэл тэрэн дотор зохиолчид л хамгийн түрүүнд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэдгийг тунхагласан байсан болохоор аргагүй шүү дээ. 

Дараа нь Горбачёвийн эхнэрийн тухай “Кремлёвская жена” буюу “Кремлийн эзэгтэй” гэдэг номыг “Ил товчоо”-ны генерал Пүрэвдорж гуай олж өгөв өө. Бас л Оросын ховрой Эдуард Тополь гэдэг хүний баруунд маш их алдаршсан баримтат уран сайхны зохиол байсан. Ямар ч уран бичлэгтэй юм, үйл явц нь ямар ч хурц юм, ямар ч задгай юм. Тэгээд л бодсон байхгүй юу, хөөрхий дөө… “Манай социализмын үеийн зохиолчдын бүтээл даанч ядуу байна даа” гэж…!  Ер нь Аюурзанын хэлсэн тэр ”Монголд зохиолч байхгүй” гэсэн чинь үнэний хувьтай. 

Манайхны зохиолууд амьдралыг зүгээр л хуулбарлачихдаг, үйл явдал нь унтаа, зохиомж нь хуурай.

-Та бас Аюурзанын адил Монголынхоо зохиолчдыг чамлаж явдаг хэрэг үү?
-Аюурзанын хэлсэн үг ер нь бол үнэн юм шүү. Манайхны зохиолууд амьдралыг зүгээр л хуулбарлачихдаг, үйл явдал нь унтаа, зохиомж нь хуурай. Даанч тийм юм хэлэхэд мань Аюурзанын нас тэр үедээ жаахан залуудчихсан байхгүй юу. Түүнээсээ болоод олон хүнд их загнуулсан. Д.Нацагдорж, Р.Чойном, Д.Нямсүрэн гээд хэдэн гайгүй найрагч Монголд байх нь ч байсан юм шүү. Үргэлжилсэн үгийн зохиолчдоос Эрдэнээ гуай, Батын Нямаа, Дооров гуай энэ тэр гээд нэрлэж болно.

-Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” яагаад Таны сонирхол татах болов?
-“Кремлийн эзэгтэй”-н дараа “Хүн, араатан, бурхад”-ыг барьж авсан. Тийм ном байдаг гэдгийг би уг нь эрт сонссон байлаа. Тухайн үед интернэт гэж байхгүй, ном л уншина, оросуудаас элдвийн юм сонсдог байв. Чи итгэх үү, үгүй юү? 

Би оюутан байхдаа Белоруссийн нийслэл Минскийн Цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн дадлага хийж байхдаа Солженицыны “Иван Денисовичийн нэг өдөр”-ийг гар бичмэлээр уншсан. Гар бичмэл ч биш юм аа, “Самоиздат” буюу “Өөрөө хэвлэсэн” хувилбараар нь. Хориотой зохиолуудыг шударга сэтгэлгээтэй хүмүүс бичгийн машинаар цохиж тараадгийг хэлж байна л даа. Бичгийн машинаар нэг удаа бичгийн цаас олон давхарлан цохиход дээд тал нь дөрвөн хувь гардаг. Тэр дөрвөн хувь зохиолоо “Нууцаар унш” гэж дөрвөн хүнд өгнө. Нөгөө дөрвөн хүн нь тус бүртээ мөн хаа нэгтээ, албан газартаа хулгайгаар ч юм уу, бичгийн машинаар мөн дөрвөн хувь олшруулж тараана. Тэгээд л 4, 4-өөр олшроод явчихна. Цэвэрлэх байгууламжийн орос харчуул ажлаа ч хийнэ, архиа ч ууна, онигоо ч ярина, улстөржинө, Брежневийг муулна, элдэв дайдын юм бурна даа. 

“ӨРГӨН ОЛОНД УНШУУЛЖ БОЛОХГҮЙ” ГЭСЭН ТАМГА ОЛОН НОМОНД ДАРЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

Би тэнд засварчны дагалдан хийж байсан. Тэндхийн нэг засварчин надад олон хуудас юм өгөөд “Чамд бичгийн машин олдохгүй, олшруулж чадахгүй. Харин ганц ч хүнд хэлж болохгүй шүү, зөвхөн өөрөө уншаад надад буцааж өг” гэсэн. Солженицыны “Иван Денисовичийн нэг өдөр”-ийг 1976 онд тэгж уншаад, “Ямар сонин юм бичдэг хүн бэ” гэж бодож байлаа. Тухайн үед би 20 настай, нууц зохиолын талаар тэр үеэс л мэдэх болсон. Тэрэнтэй адилхан, Оссендовский “Хүн, араатан, бурхад”-ыг Монголоор явсныхаа дараа англиар бичсэн, анх 1922 онд Нью-Йоркод хэвлэсэн. Дараа нь өөрөө польш, орос хэл рүү орчуулсан, сүүлд л мэдэхэд шүү дээ. Монголын тухай биднээс нууж байсан үнэнийг тухайн үед ямар ч үзэл сурталгүй, тэр чигээр нь бичээд үлдээчихсэн байдаг. Анх Америкт хэвлэгдсэнээсээ хойш бестселлер болоод сар бүхэн дахин хэвлэгддэг байж. Дараа нь Германд хэвлэгдсэн. Европчууд Оссендовскийг “ХХ зууны Марко Поло” гэж нэрлэдэг. 

Би 1920-1921 оны Монголын үйл явдлыг нарийн ширийн өгүүлсэн тэр номын тухай сонсоод олдоггүй л байсан. Тэгж байтал Цэнддоо миний 1999 онд орчуулсан “Кремлийн эзэгтэй”-г уншчихангуутаа "Чи Хүн, араатан, бурхадыг орчуулж чадах уу?, манай “Үг” сониныхон чадаагүй юм” гэхэд нь “Чадахгүйдээ хаачдаг юм” гэчихгүй юү. Тэгсэн чинь 
маргааш нь орос хэл дээр 1995 онд Эстонид хэвлэгдсэн ном аваад ирсэн.

Тэрнийг нь барьж аваад л хийчихсэн. Монголд ямар их хайртай нь шууд л гэрэлтээд ирсэн болохоор онгод орсон биз. Англи хэл дээр 1922 оны 11-р сард хэвлэгдсэн анхны хувиас нэгийг Францаас надад хүн олж ирж, би 250 мянган төгрөгөөр худалдаж авч байлаа. Үндэсний номын санд байдаг англи хэл дээрх анхны хувь дээр алга дарам хэртэй газрыг хайчилж авсан байдаг. “Энд юу байсан бэ?” гэж асуусан чинь “Өргөн олонд уншуулж болохгүй” гэсэн тамга байсан юм аа гэж нэг өвгөн ажилтан нь хэлсэн. Ганц тэр номонд ч биш, олон номонд тийм тамга дардаг байсан юм билээ. Орчуулах байтугай унших хориотой байж.

-Тэр нь манай Монголын тамга байсан уу, Оросынх уу? 
-Манай Монголын Төв номын сангийн тамга байсан юм гэнэ лээ. Би тэр тамгыг хараагүй. Би тэр номыг барьж байгаад зургаа татуулснаа хэд дэх хэвлэлдээ ч билээ оруулсан даа. Энэ ном Эстонид анх 1925 онд оросоор хэвлэгдсэн, өнөөг хүртэл Орост хэвлэгдэх эрхгүй ном шүү дээ. “Хүн, араатан, бурхад” бол маш тансаг хэл үг, найруулгаар бичигдсэн ном. Тэрнээс хойш л орчуулгын амтанд орсон юм даа. Үргэлжлүүлээд Тополь, дараа Войновичийн “Цэрэг Чонкины адал явдал”-ыг гаргалаа. 

Нөгөө Солженицын чинь социализмын үзэл суртал, коммунист үзэл суртлыг шүдээ зууж байгаад бичдэг маш хүнд бичлэгтэй. Гэтэл Войнович зүгээр л жуумганаж байгаад бичдэг, харин Тополь бол түгшиж бичдэг. Урьд нь Монголд дуулдаагүй тэр хүмүүсийн зохиолуудыг яагаад орчуулаад байна вэ гэвэл, ингэж бичиж болдог юм байна шүү гэдгийг залуучууд үзээсэй, сураасай гэж бодсондоо л. Жишээ нь Толстой, Пушкины муу орчуулагдсан номнууд манайд олон бий. Тэрийг би дахин сайжруулаад орчуулж болно л доо. Тэрэндээ гол нь биш ээ, өөр сэтгэлгээгээр задгай, чөлөөтэй яаж бичиж болдгийг, үйл явдлыг яаж хурцаар өгүүлж болдгийг энэ зохиолуудаар дамжуулан заах гээд байгаа юм.

“АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ” НОМОО ОРЧУУЛСНЫ ТӨЛӨӨ БИ УЛААНБААТАРТ АНХ УДАА ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БОЛСОН

-Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” романыг бас энэ зорилгоор орчуулсан хэрэг үү? 
-Тэр ном ч ялгаагүй. Гэхдээ энэ номыг орчуулах сонголтыг би хийгээгүй “Либератори” сан надад захиалга өгсөн. Яаж сэтгэлгээгээ өөрчилж болдог, ямар нийгэмд яаж шүүмжлэлтэй хандаж болдог юм, яаж ухаалгаар бие дааж болдог юм гэдгийг үзүүлэх гээд байгаа болохоос биш би мөнгө хэрэгтэй болсондоо үүнийг хийгээд байгаа юм биш ээ. “Атлантын нуруу тэнийв” номоо орчуулсны төлөө би анх удаа хоёр өрөө байртай болсон, Улаанбаатарт ирээд 17 жилийн дараа. Тэр ч яахав. 
"Атлантын нуруу тэнийв" номын нээлт 2010 он.
-Та ном орчуулаад хэр зэрэг орлого олдог вэ? 
-Манай өнөөдрийн нийгэмд ном орчуулаад мөнгө олно гэж байхгүй ээ. Бид чинь дандаа өрийг өрөөр хөөж явдаг улс. Хэвлэлийн бүх зардлаа өөрөө гаргана, худалдаанд тавьж заруулсны хувиа өгнө, дээр нь хүн амын орлогын татвар төлнө. Найз нөхөд, нутаг орныхондоо бэлэглэнэ гээд зардал дийлдэхгүй. Би эрхбиш арваад жилийн өмнө 30-аад ном гаргасан тулдаа л хүнээс талх, тамхины мөнгөө гуйхгүй явж байна. Манайх одоо хүүгийнх, хүргэнийх гэж гурван гэр бүл болсон. Бидэнд ганцхан метр урттай ч лангуу байхгүй. Охин, хүү хоёр амиа борлуулаад л явж байна. Авгай бага ангийн багш хийж байгаад тэтгэвэрт гарсан. Бага ангийн багшийн цалин ямар байдгийг та нар мэднэ биз дээ. Би ч мөн адил, сэтгүүлчдийн цалин ямар билээ, та нар мэднэ. Гэхдээ хөөрхий минь, энэ хэдэн ном намайг тэжээж байна аа. Намайг үхсэн хойно ч үр хүүхэд, ач зээ нар маань хэдэн номыг маань хэвлүүлээд, борлуулаад сурчихвал эрхбиш хоосон хонохгүй байх .

-Та Сергей Есениний шүлгийн түүврээ гаргаад бас л шуугиулж байсан даа. Энэ шүлгүүд өмнө нь орчуулагдаагүй байсан гэж үү? 
-Өмнө цөөхөн хэдэн шүлэг орчуулагдсан байдаг. Анх удаа 2009 онд бүрэн хэмжээний гэхээр гайгүй зохиол гарсан нь тэр юм. Орчуулчихаад хэвлэлтэнд шилжүүлчихээд тууж явсан чинь бас шүлэг бичдэг Отгонбаатар гэж сантехникийн слесарь залуу таараад “Нэргүй ах аа, наадхийг чинь Мишигийн Цэдэндорж, Цэндгомбо хоёр орчуулсан байдаг юм шүү дээ” гэсэн. “Чи битгий худлаа ярь” гэсэн чинь “Би маргааш номыг нь аваад ирье” гээд 1961 онд хэвлэгдсэн “Сергей Есенин. Шүлэг” гэсэн нимгэн ном аваад ирсэн. Цэндгомбо орчуулж, Цэдэндорж редакторлосон юм билээ.

Тэр номонд 33 шүлэг (үүнээс 6 нь М.Цэдэндоржийнх), нэг найраглал орсон байдаг. Харин миний 2009 оны “Сонгомол шүлгүүд” гэдэгт 103 шүлэг, хоёр найраглал, харин 2010 оны хоёр дахь хэвлэл- “Сонгодог шүлгүүд” гэдэгт маань 112 шүлэг, гурван найраглал орсон. 2008 онд Высоцкийн “Бухимдал” дууны шүлгийн түүвэр анх удаа гаргасан. 2017 онд Е.Евтушенкогийн “Надаас та нар намайг булаагаад авчихжээ” түүврийг гаргасан. Евгений Евтушенко бол Орост Сергей Есенинээс хойш анх удаа нийтийн хайрын татсан хамгийн том яруу найрагч.

-Таны орчуулга хийх, орчуулах номоо сонгохдоо барьдаг гол шугам юу вэ? 
-Урд нь хүний барьж аваагүй, манайханд танил биш шинэ, сайн зохиолчдын бүтээлийг л танилцуулах гэсэн нэгдүгээр шугам бий. Хоёрдугаарт, монголчууд хэдийгээр эртний соёлтой, бичиг үсэгт тайлагдсан ард түмэн гэгддэг ч, тухайн нутаг орон, аймаг хошуудын үүх түүхийг уран зохиолын хэлээр бичсэн зохиол ер байдаггүй. Бичгийн өвийн соёл муутай гэх үү дээ. Хэтрүүлээд ярихад, нэг бол Цогт тайж шиг хадан дээр бичдэг, эсвэл Ганжуур, Данжуур шиг алт, мөнгөөр бичдэг. Эсгий гэртэй ард түмэн чинь нүүдэл суудал хийхдээ хаанаа ч ачаад явж байхав, бороо шороотой үед хаанаа ч хадгалах билээ, бас ч аргагүй юм. Цаас олддог ч байсан юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Тиймээс болсон явдлыг цаасан дээр үлдээдэггүй, ач гучдаа амаараа ярьж өгөөд нүд аньчихдаг, тэр нь хэдэн үеийн дараа үнэн, худал нь мэдэгдэхгүй, домог шиг юм болон хувирдаг байж. Тэгэхээр хувьсгалаас өмнө болж байсан үйл явдлын нарийн ширийнийг Монголоор дайран өнгөрсөн бичгийн соёлтой Европын жуулчид, судлаачид бичиж үлдээсэн байдаг.  

Пржевальскийгаас 1870 оны хүрээ, зах ямар байж вэ, Хиагтаас Бээжин хүрэх шуудан долоо хоногт хэдэн удаа явдаг, хэдэн удаа төрийн элч явдаг, ямар үнэтэй байсан юм, монголчуудын зан суртахуун ямар байсан, юу өмсөж, иддэг байсан тухай гарч ирж байгаа юм. 

Ховдын хэрмийг гамин цэргээс чөлөөлж байгаа Хатанбаатар, Дамбийжаа нарын үйл хэрэг, Богд хааны ордны номын сангийн судрууд, чихмэлүүд Оссендовскийн номоос нүдээр үзсэн хүний дурсамжаар анх удаа дажгүй дэлгэрэнгүй гарч ирсэн. Тэр нь түүхийн цагаан толбыг эргэн сэргээхэд их хэрэгтэй болдог учраас л одоо Ардын хувьсгалаас өмнөх үеийн 10 дахь аян замын тэмдэглэлийг олж аваад орчуулж дуусаад байна. Би зориуд ухамсартайгаар тийм сонголт хийгээгүй, эхийг нь олж чадсан л байхгүй юү. Тухайлбал, 1921 онд Барон Унгерний Азийн морин девизийн штабын дарга байсан хурандаа Торновскийн 1930-аад оны сүүлчээр бичсэн дурсамж Америкийн Стэнфорд хотын Гуверийн хүрээлэнгээс 1990-ээд оны сүүлчээр олдсоныг оросууд олж аван хэвлэснийг нь би орчуулсан юм.

-Тэр дурсамж яагаад хаа байсан Америкийн Гуверийн хүрээлэнд оччихдог байна аа? 
-Бароны цэргүүд зүүн тийшээ Буйр нуураар зугтааж гараад, олонхи нь Манжуурт суурьшсан. Тэдний дунд цэргийн мэргэжлийн сургууль төгссөн, хоёр дайнд оролцсон, бичгийн соёлтой офицерууд байсан шүү дээ. Тэд нар дурсамжаа бичээд, хэвлэж чадахгүй болохоор архивтаа өгчихдөг юм байна. Манжийн сүүлчийн эзэн хаан Пу-И-гийн архивт байсныг нь япончууд эзлэн түрэмгийллийнхээ үед Америкт худалдчихсан юм билээ. 1945 онд Зөвлөлтийн армийг Манжуурт орохоос өмнө 500 боть материал Америкт худалдсан нь одоо Стэнфордод байдаг юм байна. Тэнд оросууд очоод, материал ухаад эхэлсэн чинь Торновскийн дурсамж гарч ирсэн байна. Энэ мэтээр өчүүхэн миний ард нь
гарч чадсан тэмдэглэлүүд гэвэл агуу их түвд судлаач, шамбал судлаач, зураач Николай Рерихийн Монголоор дамжин урагшаа явсан аян замын тэмдэглэл “Азийн зүрх”, 1903 онд Арвангуравдугаар далай лам буюу түрүүчийн далай лам Монголд ирсэн тухай адал явдал шиг түүхийг Оросын монголч эрдэмтэн И.Ломакинагийн бичсэн “Агуу их Босуул”, Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” зэргийг нэрлэж болно.

Пржевальскийгаас 1870 оны хүрээ, зах ямар байж вэ, Хиагтаас Бээжин хүрэх шуудан долоо хоногт хэдэн удаа явдаг, хэдэн удаа төрийн элч явдаг, ямар үнэтэй байсан юм, монголчуудын зан суртахуун ямар байсан, юу өмсөж, иддэг байсан тухай гарч ирж байгаа юм. Тэр байтугай жилд төчнөөн тонн цай Хятадаас Монголын нутгаар дамжин Европ руу ордгийг анх тэр орчуулгаас гарч ирсэн. Хэчнээн тэрэг тэмээ явдаг, монгол тэмээ ямар чадалтай гэх мэтээр гардаг. Пржевальскийн ачаар дэлхийд анх удаа 1882 онд Санкт-Петербург хотын Александрын цэцэрлэгт хүрээлэнд монгол тэмээний хөшөө боссон. Одоо ч тэр нь бий. Адуу бол аль ч улсад байдаг. Харин хоёр бөхтэй, 200 кг ачаа тээдэг тэмээ зөвхөн Монголд бий. Гэтэл бид тэрийгээ тоохгүй. Хятадуудыг тэмээний тавхай хэрэгтэй байна гэхээр нь хамаг тэмээгээ хядаж байдаг болсон. 

“МАРКО ПОЛО”-ГООС ДУТАХААРГҮЙ НОМ ОРЧУУЛЧИХААД ХЭВЛҮҮЛЭХ ЗАРДАЛГҮЙ БАЙНА

-Тэгвэл Та бүр урагш нь судлав уу?
-Тэгээд өшөө урагш явтал Кафаров гэж “Монголын нууц товчоо”-г дэлхийд анхлан гадаад хэл рүү хөрвүүлсэн (гадаад хэл гэдгийг нь би орос хэл гэж хэлье) хүний 1847, 1859 онд Монголоор явсан, бүх өртөөг нь тодорхойлон бичсэн ном байна. . 
Кафаровын 1866 онд орчуулж Санкт-Петербургт ганцхан удаа хэвлэгдсэн номыг олж авсан. 

-Нэр нь? 
-Монголын нууц товчоо анх “Чингис хааны язгуур” нэртэйгээр бичигдсэн юм байна гэж Кафаров номынхоо өмнөх үгэнд бичсэн байдаг. Орчуулгыг нь “Чингис хааны тухай эртний монгол цадиг” нэртэйгээр 1866 онд гаргасан. Тэр хувь юугаараа жаахан дутуу орчуулга вэ гэхээр шүлгүүдийг нь үргэлжилсэн үгээр өгсөн байдаг.1848 онд Кафаров монгол бичиг дээрх эхийг олж авсан шиг байгаа юм. Хятадууд өнө эртний бичгийн соёлтой ард түмэн гэгддэг мөртлөө бослого гаргах бүрийдээ л хамгийн түрүүнд хааныхаа номын санг шатаадаг. Кафаровын үед Монголын нууц товчооны анхны эхийн 40-өөдхөн хуудас шатаагүй үлдсэн байсан. 1910 оны Манжийн хааныг авч хаясан бослогоор дөрвөн хуудас үлдсэн сурагтай байгаа юм. Миний одоогоор олж сонссоноор шүү дээ. Тэгэхээр Нууц товчооноос хойш зохиогдсон Чингис хааны тухай зохиолуудын түүхийн эх сурвалж хаанаас гарсан юм бол оо? Эсвэл өөр ном байсан юм биш биз дээ, тэр нь шатаад дууссан юм биш биз дээ. Үүнийг өнөө болтол хэн ч мэдэхгүй байна шүү дээ.

-Капаров Монголын түүх, соёлыг сонирхож судалдаг байсан хүн үү?
-Үгүй, хятад судлаач. Хятад судлалынхаа хажуугаар өөрийн эрхгүй Монголын түүх рүү орсон байна шүү дээ. Өөрөө монгол хэл мэдэхгүй. Зөвхөн Монголын нууц товчоог орос руу орчуулахын тулд Кафаровын галиглах систем гээчийг зохион гаргаж ирсэн. Тэр нь ямар учиртай юм гэхээр Хятадын дүрс үсгийг Оросын кириллица буюу кирилл үсэг рүү яаж буулгах вэ гэдэг галиглах дүрэм. Тэр нь одоо болтол дэлхийд ноёрхсон хэвээр байна. Кафаров бас “Чан чун бумбын тэмдэглэл”, “Чингис хааны дайлаар мордсон түүх”-ийг орос хэл рүү орчуулсан хүн шүү дээ. Кафаровын нэг гавьяа нь яах аргагүй “Монголын нууц товчоо”-г дэлхийн хамгаалалтад авах суурийг тавьсанд оршино. Кафаров хулгайлж авч орос руу буулгаагүй бол манж, хятадууд яах ч байсан юм, бүү мэд. Бас л шатаачих ч байсан юм уу, хэн мэдлээ. 

-Ц. Дамдинсүрэн гуай 1947 онд орчуулсан гэдэг, тийм ээ? 
-Дамдинсүрэн гуай 1947 онд бие даасан ном болгон орчуулсан болохоос 1942 онд анх “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн анхны нэг, хоёр дахь дугаарт эхний долоон бүлгийг нь орчуулан хэвлүүлсэн байдаг. Тэрнийг нь би олж авсан. 1866 онд оросоор хэвлэгдсэн Монголын нууц товчооны өмнөх үг Монгол судлалын түүхэнд том олз байдаг. Тэрнийг манайхан өнөө болтол мэдээгүй байсныг би 2015 онд орчуулж, эрдэмтдийн анхаарлыг татлаа. Дамдинсүрэн гуай яагаад тэрнийг нь орчуулаагүйг мэдэхгүй. Атаа жөтөө гэдэг хэцүү л байдаг юм билээ, тэр нь яахав. 

Тэр номонд Монголын нууц товчоо ямар учиртай, аль номын сангаас анх олдсон, тэр номын санг /Хааны ордны номын сан/ тухайн үед юу гэж нэрлэдэг байсан юм гэх мэтээр тодорхой бичсэн байсан. Хятадын бичгийн мэргэд яаж гараараа хуулж, яаж нууцаар гадагш нь гаргасан гээд нарийн юм их байдаг. Нууц товчоонд тулгуурлан Юань гүрний болон Манжийн төрийн албан хаагчдаас монгол хэлний шалгалт авдаг байж. Монголын нууц товчоонд тулгуурлсан Монгол, хятад хэлний толь бичиг ч гарсан байдаг. 

-Манжийн өртөөний тухайд гэвэл Монголоор явсан хүмүүсийн хамгийн эртний тэмдэглэл 1847 оны Кафаровын тэмдэглэл болж таарав уу?
-Үгүй юм байна аа. Урагш нь ахиулаад юм ухвал, Оросын Эзэн хааны Гадаад явдлын яамны түшмэл Егор Тимковский гэдэг хүн 1820 онд Монголоор явжээ. Энэ хүн 1820 оны зун Монголд хэсэг байгаад, Бээжинд зургаан сар хэртэй болоод дэлхийн монгол судлалын эцэг агуу их Бичуринг баривчлаад буцахдаа мөн Да Хүрээгээр дайран гарсан. Хүрээний анхны сайд Юндэндорж вантай уулзсан хүний дурсамж анх удаа олдож буй нь энэ. Ухаандаа, шашны төлөөлөгчийн ээлжит бүрэлдэхүүнийг солиод буцаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ Бичуринг баривчлахаар явж буй хүн. Шоронд аваачиж хатаасан шүү дээ. Тэгж явахдаа Монголын тухай гурван дэвтэр ном бичсэн нь 1824 онд Санкт-Петербургт цор ганц удаа хэвлэгдсэн. Тэр гурван ботийг бас олж аваад 2018 оны дөрөвдүгээр сард орчуулж дуусаад хэвлүүлж чадахгүй л сууна. 

-Тэр ховор номыг Та яаж олж авав? 
-Яаж олж авсан нь нууц /инээв/.  
-Хаанахын архиваас олчихов оо, Та ? 
-Бас л нууц л даа. 

-Тэр ховор номыг Та яаж олж авав? 
-Яаж олж авсан нь нууц /инээв/.  

-Хаанахын архиваас олчихов оо, Та ? 
-Бас л нууц л даа. 

-Нууцлаад байвал хүн яаж итгэх вэ? 
-Би зурган эх сурвалж гаргана шүү дээ. Ц.Дамдинсүрэн гуай “Мянган жилийн харьцуулсан хүснэгт”-дээ “1824 он. Егор Тимковскийн “1820-1821 онд Монголоор дайран Хятад руу зорчсон нь” ном хэвлэгдлээ” гэж бичсэн байгаа. Дамдинсүрэн гуай энэ хүснэгтдээ хэр баргийн номыг оруулаагүй юм шүү дээ. Тимковскийгоос их ишлэл авсан Монголын ганцхан эрдэмтний бүтээл байдаг нь Д.Гонгор гуайн “Халх товчоон”. Тимковскийн энэ гурван боть бол Монголын тухай орос хэлээр гарсан хамгийн анхны том ном. Орчуулга нь л гэхэд 33 хэвлэлийн хуудас.  Өртөөний хувьд явсан газар нь одоогийн Хэнтийн Дархан сум, Зам-Үүд. Баруун замаар яваагүй. Баруун зам нь төрийн түшмэд, албан ёсны элч нарын өртөө. Сайр усны өртөө гэдэг одоогийн Дундговь аймгийн Өлзийт суманд байсан өртөөнөөс баруун тийш Ховд, Улиастай руу өртөөний зам сална. Хойшоо Өргөөгийн зам сална. Тэр нь Хөнгөн морин элч нарын зам. Зүүн талынх нь цайны зам. 

-Тимковскийн номноос уншигчид юу олж мэдэх вэ? 
-Тимковский 1824 онд ганцхан удаа гурван боть номоо хэвлүүлжээ.Тимковскийн тэмдэглэлээс 1820-иод оны Монголын байдал, аж төрөл, мал ахуй, цэрэг, татвар, торгон сүрэг, цэрэг цуухынх ньөмсдөг дүрэмт хувцас, ноёдын цалин пүнлүү, гүнж нарынх ньавлага гээд бүх түүх гарч ирнэ. Бас Буддын шашны тухай анхны ойлголтыг эзэн хаандаа зориулж бичсэн байх жишээтэй. Гэсэрийн туужийн хоёр бүлгийн товчлол, Шагжаамунийн намтар ч анх оросоор байж байсан. Хоёрдугаар Жавзандамба хутагтыг ширээнд нь залах үеийн наадмын дэлгэрэнгүй тэмдэглэл, дөрөвдүгээр хутагтыг залан ирсний дараахан үе, Тэнгэрийн тэтгэсэн хааныг жанч халахад 100 хоногийн гашуудал зарлахад Юндэндорж ван яаж байгаа тухай гээд л. Энэ хүн Бичуринээр Хятадын эх сурвалжийг орчуулуулж, оруулсан юм билээ. Бичурин Хятадын талаар нэвтэрхий судалсан эрдэмтэн. Тэрбээр шоронгоос суллагдаж гарч ирээд Хиагтад анх удаа Орос, хятад, монгол хэлний сургууль байгуулсан, Пушкинтай их найз, түүнийг сибирь судлалд татан оруулах гээд Оросын Хиагт руу дагуулж ирэх гэж байсан хүн шүү дээ. 

-Энэ номыг орчуулахад Танд хэцүү байв уу? 
-200 жилийн тэртээх зарим нэг үсгийн дүрс өөр байсан байна. Үгнүүд нь их хуучирсан, дүрсүүд нь их баларсан байна, тиймээс танигдахад хэцүү, өгүүлбэрийн гишүүдийн байршил ондоо, найруулга хуучных энэ тэр гээд хүндрэл их байсаан. Тухайлбал, гадна дүрсээрээ адилавтар үсгүүдийг танихад хэцүү болсон байсан. Жишээ нь, зөөлний тэмдэг, хатуугийн тэмдгийг андуурч уншвал үгийн утга алдагдана шүү дээ. 

ДЭЛХИЙ ДАХИНД ГАЙХАГДСАН БҮТЭЭЛИЙГ ЭХ ХЭЛ РҮҮГЭЭ ОРЧУУЛНА ГЭДЭГ МИНИЙ ҮҮРЭГ

-Энэ ямар хэмжээтэй ном бэ? Хэвлэхэд бэлэн болсон уу? 
-Бэлэн болсон. Ойролцоогоор 33 хэвлэлийн хуудас, 600 орчим хуудастай ном гэсэн үг л дээ. Би орчуулж, хэвлэлтэд өгөхөд бэлэн болгоод хэвлүүлэх зардалгүй найман сар болж байна. Хэчнээн олон түүхэн эх сурвалжуудыг орчуулж гаргахдаа урд нь би төр засгаас юу ч гуйж байгаагүй. Өөрөө л “шатаад” өнгөрдөг байсан. Одоо тэтгэвэрт сууснаараа түрээ бариад энэ удаа гутлынхаа улыг ханзартал явлаа. МУИС, МУБИС, Түүх, археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэнд ч хандлаа. Олон л хүний өмнө очиж мөргөлөө, мөнгө байхгүй гэнэ ээ. Уг нь үүнийг чинь 1824 онд анх хэвлэгдэнгүүт нь англи, франц, голланд, германаар шүүрч авч орчуулаад, 1826-27 онд хэвлэчихсэн байдаг юм. 1993 онд бас дахиад англи, францаар шинэ орчуулга хийж хэвлэсэн юм байна. Харин эх оронд нь л өнөө хүртэл нарны гэрэл хараагүй нь ичгэвтэр! Байна л биз, болохгүй бол би зээлээр хэвлүүлчихнэ ээ. 

-Зээлээр хэвлүүлээд зээлээ төлж чадахгүй бол яах вэ? 
-Яах вэ дээ, уух идэхээсээ хасаж байгаад төлж л орхино. Миний номыг зээлээр хэвлээд өгдөг “Жиком пресс” гэж хэвлэлийн газар байна. Би олон номоо зээлээр хэвлүүлээд дараа нь төлсөн, тэгээд өрийг өрөөр хөөгөөд явдаг. Болохгүй бол телевизээр дуудлага худалдаанд оруулдаг ч юм уу гэсэн чинь хурган дарга нар нь дэмжихээр муухан байна. Орчуулгын эрхийг өөртөө үлдээгээд хэвлэх эрхийг нь ямар нэг компанид худалдаж болно. Уран зургийн дуудлага худалдаа телевизээр явсан биз дээ, тэрнээс дор байхдаа яадаг юм. Үгүй бас, хэвлээд өгье гэсэн хүн байгаа юм аа. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монгол судлалын төвийн захирал Заяабаатар нар хэвлээд өгье гэсэн л дээ. Тоон дээр нь жаахан тохирохгүй байгаа юм. Би чинь чадлаа мэддэг болсон хүн. Ямаршуу юмны ард гарав гэдгээ ч мэдэж байна. Миний орчуулга хэнд ч гологдохгүй. Монголын төр ичихгүй бол би мөнгийг нь төлөөд телевизээр дуудлага худалдаа явуулна.

-Тийм их мөнгө хэрэгтэй юү? 
-Хатуу хавтастай гурван боть гэхээр 14 саяас наашгүй. Наадхийг чинь Марко Поло-гоос дутуугүй ном гэж европынхон үнэлсэн юм билээ. 

Хүмүүсийг ном уншихгүй байна гэж чичлээд байх хэрэггүй. Уншдаг хүмүүс нь нийгмээ урагш нь чирээд аваад явчихдаг юм. Уншдагууд нь одоо бүр ялгараад эхэллээ. 

-Ийм их цаг, хөдөлмөр гаргасан номоороо Та хэр орлого олох бол? 

-Ном их хэцүү. Ялангуяа түүхийн холбогдолтой ном гаргахад шатдаг юм шүү дээ. Тэр болгон хүн авахгүй. Намайг ганц тэжээж байгаа нь “Хүн, араатан, бурхад” л байна. Өргөн уншигчдад зориулж бичигдсэн ном учир тэр. Кафаров бол судалгааны бүтээл.
 
-Түүхийн ном борлуулалт таарууг мэдсээр байж Та яагаад орчуулдаг юм бэ? 
-Нэгэнт би хальт мөлт орос хэлээрээ талхны мөнгөө олох гэж байгаа бол нийгэмдээ хэрэгцээтэй юм давхар хийж баймаар байна. Түүнээс шүлэг мүлэгхэн орчуулах юм бол тамхиа татаж, исгэрч байгаад л нэг сард гурав, дөрвөн ном гараас гаргана. Судалгааны ном орчуулахад зүүлт маш их хэрэгтэй байдаг. Тэгж холбож байж, ард түмэнд хэрэгтэй ном болно. Зарим хүн “Зүүлт хийх нь чиний үүрэг биш” гэж хэлдэг. Одоо бол амархан л даа, интернэтээс хайхад л гараад ирнэ. Тэгж байж орчуулагч хүн соён гэгээрүүлэгч болдог юм. Орчуулагчийн үүрэг нь ард түмнийг соён гэгээрүүлэхэд оршдог юм. Зөвхөн нэр төр, мөнгө олохын төлөө биш. Монголчуудын олж уншиж чадаагүй, бичиж үлдээгээгүй, эсвэл дэлхий дахинд гайхагдсан бүтээлийг эх хэл рүүгээ орчуулна гэдэг миний үүрэг. 

-Та түүхийн холбогдолтой материалууд руу яагаад яваад орчихдог юм бэ. Тэрийг чинь судалдаг түүхчид байна шүү дээ?
-Ойрмогхоноос би нэг юмыг анзаарлаа. Түүхчид ер нь аливаа эх сурвалжийг орчуулж гаргахад их дургүй байдаг юм байна. Пэрлээ гуай шиг “ариун бурхан” түүхчид алга болж. Хаанаас ч юм, өөрсдөө анх олж илрүүлсэн нэр авах гээд. Тэгсэн мөртлөө өөрсдөө олж авч ч чадахгүй, орчуулж ч чадахгүй. Харин жинхэнэ уншигчид бол монгол эрдэмтдийн цол, зэрэг авах гэж хаа нэгтэйгээс будаа идсэнээр биш, цаад хүнийх нь бичиж үлдээсэн жинхэнэ эхийг унших дуртай байдаг юм. Тэгээд ч манай түүхчид түүх судлах коммунист, марксист арга барилаасаа холдож чадаагүй. Тиймээс манайхны сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байна. Манайх ардчилсан нийгэмд шилжчихээд яагаад чөдөртэй морь шиг энүүхэндээ цовхчоод байна вэ гэхээр эдийн засаг, улс төрийн сэтгэлгээ нь хуучнаараа, коммунизмынхаа хашаанд баригдаад байгаагийнх. Адуу хаших маш хэцүү, хонь хаших хачин амархан...

-Номын үзэсгэлэн яармаг жил бүрийн намар болж байна. Ном хэр зарагддаг вэ? 
-Тэр чинь л миний ганц “бэрс гардаг” үе байхгүй юу. Дэлгүүрт тавьснаасаа арай хямдруулчихна. Хүмүүсийг ном уншихгүй байна гэж чичлээд байх хэрэггүй. Уншдаг хүмүүс нь нийгмээ урагш нь чирээд аваад явчихдаг юм. Уншдагууд нь одоо бүр ялгараад эхэллээ. “Одоо ямар шинэ юм гар дээр тавих гэж байна” гэж нэхдэг миний жинхэнэ уншигчид гэвэл 200-300-гаад хүн байна. Энэ чинь маш их тоо шүү, уншдаггүй мөртлөө уншдаг хүний дүр эсгэдэг хүмүүсийн тоо биш. Хүн бүрийн сонирхол өөр, өөр. Нэг хүн Долгор, Дорж хоёрын хонины бэлчээрийн явдлыг унших дуртай байхад нөгөө нь 1820 оны өртөө замын талаар унших дуртай. Энгийн хэллэгээр хийгдсэн, “Тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг” орчуулгыг их шүтдэг болж байна даа.  

Нийтэлсэн:

Э.Энхмаа

Сэтгүүлч

2019-01-05 11:31 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3455 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ