Хайлт хийх

Армандо Торрес: Би хаана ч амьдарсан тэр газартаа дасан зохицож, эвээ олж сурсан

  2019-01-07
 
-Та юуны өмнө манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би энд эхнэртэйгээ амьдардаг. Хүү маань 28, охин 24 настай, аль аль нь биеэ даагаад удаж байна. Хүүхдүүд их сургуулиа төгссөн, одоо Австралид ажиллаж амьдардаг. Миний төрөлх нутаг Бразил. Би улсынхаа хойд болон өмнөд нутагт ажиллаж байгаад Испанид очиж 5 жил, Австралид 12 жил ажиллаж амьдарсан. Монголыг оруулаад дөрвөн улсад ажиллаж амьдарч байлаа. Австралиас Монгол руу томилогдон ирсэн нь энэ.

Би процессын инженер мэргэжилтэй. 1990 онд бакалавр, 2000 онд процессын төлөвлөлт, оновчлолын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Анх 1990 онд “Алкоа” (Америкийн хөнгөн цагааны компани)-д орж карьераа эхлүүлж байлаа. Тэнд 21 жил ажилласан. Дараа нь “Рио Тинто” группт нэгдэн, Латин Америк, Европ болон Баруун Австрали, Канад зэрэг бүс нутаг хариуцсан удирдах албан тушаалд ажиллаж байлаа. Харин “Оюу толгой”-той 2016 онд холбогдсон. Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаадаа хувь хүний болон мэргэжлийнхээ үүднээс их баяртай байдаг.    

-Яагаад тэр билээ?
-Монголд ажиллаж амьдрах саналыг эхнэр бид хоёр маш дуртай хүлээж авсан. Монголчууд үнэхээр баялаг түүх, зан заншилтай, найрсаг ард түмэн. Манай хүүхдүүдэд ч бас таалагдсан. Сүүлд хүү маань найз охинтойгоо ирээд бид хоног монгол гэрт байсан. Охин энэ хавар бид хоёр дээр ирнэ. Эхнэр маань “Veloo” санд сайн дурын ажил хийдэг. Миний ажил бидэнд өөр өөр улстай танилцаж, хүмүүсийнх нь дунд орж амьдрах боломж олгодог нь их сайхан. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засагт асар нөлөөтэй том компанийг удирдах нь ховор тохиох боломж. “Оюу толгой” хөрөнгө оруулалт татаж, монгол залуусыг хөгжүүлж байна. Амжилттай хэрэгжүүлж чадвал Монголын ирээдүйн баталгаа болох төсөл.

-Үнэндээ бид Бразилийн талаар хангалттай ихийг мэдэхгүй. Хөлбөмбөгч ард түмэн, халуун уур амьсгалтай, сайхан хүүхнүүдтэй, БРИКС-ийн гишүүн орон төдийг л мэднэ.
-Бразил гайхалтай орон. 200 гаруй сая хүн амтай, том улс гэдгийг мэдэх байх. Таатай цаг агаар, үзэсгэлэнт байгаль бол бразилчуудад бурхнаас барьсан бэлэг гэж боддог. Цэнгэг ус, сийрэг хөрсөөрөө алдартай. Боловсрол, уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар сайн хөгжсөн, кофе, махны экспортоор дэлхийд тэргүүлдэг.

Монголтой адил хөгжиж буй орны тоонд багтдаг. Бразилчууд амьдралаа дээшлүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байна, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ардчиллыг илүү үр дүнтэй ашиглахад суралцаж байна. Алсдаа дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг болох бололцоотой. Гэхдээ хөгжиж буй орноос үсрэнгүй хөгжилтэй орон болохын тулд сурах зүйл их байна.

-Та Монголд ирээд удаагүй байхдаа CEO клубийн захирлуудтай уулзсан. Энэ үеэр бразилчууд монголчуудын адил гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байдаг, үргэлж асран халамжилдаг гэж ярьсан шүү дээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Тийм шүү. Бразилд гэр бүлийн гишүүд бие биетэйгээ нягт холбоотой байдаг. Өндөр настнуудаа хүндлэн дээдлэх ёс бразилчуудын яс маханд шингэсэн. Монголынх шиг байнгын хөдөлгөөнд байдаг, идэвхтэй нийгэм. Бас монголчуудын нэгэн адил шинэ хүмүүстэй танилцаж, нээлттэй харилцах дуртай. Ийм нөхөрсөг орчинд гаднынхан ч хурдан дасдаг. Нийгмийн оюун санаа, мөн чанар нь маш төстэй. Монголчууд манай гэр бүлийг их сайхан хүлээж авсан. 

-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо очсон бэ?
-Өнгөрсөн зун очиж, ээж, ах нартайгаа уулзсан.

-Нутгийнхаа юуг нь хамгийн их үгүйлдэг вэ?
-Бразилийн хөлбөмбөгийн лигийн тоглолтууд, цаг агаар. Гэхдээ би хаа ч амьдарсан тэр газартаа дасан зохицож, эвээ олж сурсан. Амьдарч байгаа газраа таашаахгүй бол яаж сайхан амьдрах билээ. Монголд амьдрах болсон минь зол юм.

-Та бүжиглэдэг үү? Бразилчууд бүгд бүжиглэх авьяастай гэж боддог.
-Манай эхнэр бүжигчин болохоор би заалгаад сурсан. Би хөл бөмбөг, гитар тоглох, ном унших, алхах дуртай. Ажлын өдрүүдэд ачаалал ихтэй болохоор долоо хоногт ядахдаа нэг өдөр юу ч бодолгүй амрахыг боддог. Бямба гарагийг заавал эхнэртэйгээ өнгөрүүлдэг. Зүгээр хажууд нь байх биш, зүрх сэтгэлээрээ гэр бүлтэйгээ хамт байх чухал. Би гэрийнхэнтэйгээ ойр байх дуртай.  

-Баян, хоосны ялгаа лавширсан гэдгээрээ Бразил, Монгол төстэй. Би хэдэн жилийн өмнө Бразилийн нэг хотын зураг харсан юм. Навсгар байшингууд, тансаг сууцууд өндөр ханаар л зааглагдчихсан, хэдхэн метрийн зайтай байгааг харуулсан  байсан. Улаанбаатарт ийм дүр төрх харагддаг. Танай улсад энэ байдал хэвээрээ юу?  
-Нийгмийн тэгш бус байдал одоо ч Бразилд томоохон сорилт болсоор байна. Ажил эрхлэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тэгш бус байдалд нөлөөлж байгаа нэг шалтгаан нь боловсролын ялгаа. Иргэдэд дан ганц суурь боловсрол олгох хангалтгүй. Ирээдүйд хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа бол эртнээс иргэдээ бэлтгэх ёстой. Үүнд улс төрийн тогтвортой орчин их чухал.

-Өнгөрсөн аравдугаар сард Бразилийн Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Та цахимаар санал өгсөн үү?
-Харамсалтай нь тийм боломж байгаагүй. Гадаадад оршин суугаа бразилчууд ЭСЯ-аар дамжуулж санал өгсөн. Монголд Бразилийн ЭСЯ байдаггүй болохоор чадаагүй.

-Монголд хэчнээн Бразил хүн амьдардаг бол?
-Улаанбаатарт 12 билүү 13 хүн байдаг. Манай Оюу толгойн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес гэж бразил хүн бий. Маркогийн талаар анх олж мэдээд би бөөн баяр болсон. Бид энд цөөхүүлээ.     

-Бразилчууд ямар ямар хэлээр ярьдаг вэ?
-Бразилд португалиар ярьдаг. Би португали, англи, испани хэлтэй.              

-Испани, португали хэл хэр төстэй вэ?
-Зарим талаараа төстэй, гэхдээ өөр. Португали хэлтэй хүн испани хэлийг амархан сурна, гэхдээ нэлээн сууж давтах хэрэгтэй.   

-Та Монгол хоолноос алинд нь дуртай вэ?
-Хурганы мах, гол махан стэйк идэх дуртай. Тааваараа бэлчсэн малыг хүнсэнд хэрэглэдэг болохоор эндхийн мах их амттай, чанартай. Мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх гэж ямар нэг хиймэл арга хэрэглэдэггүй. Бас би монгол бяслаг, хүйтэн хоормогт дуртай. Бяслаг уургаар баялаг учраас өлссөн үедээ иддэг. Би сар бүрийн нэг долоо хоногийг Ханбогдод өнгөрөөдөг, бусад үед нь Улаанбаатарт байдаг. 

-Та Монголыг анх удаа зорих гэж буй гаднынханд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Соёл ёс заншил, газар нутгийн хувьд Монгол үзэх юм ихтэй. Улаанбаатарыг заавал үзэх хэрэгтэй. Сүхбаатарын талбай дэлхийн улс орнуудын төв талбайд дундаа хамгийн үзэмжтэй нь гэж боддог. Ууланд гаръя гэвэл хотыг хүрээлсэн уулс байна. Үзэх юм зөндөө. Ер нь Монголд ирснийх хэдэн долоо хоног хөдөө гараад үндэсний түүх соёлтой танилцах хэрэгтэй. Нүүдэлчдийн соёлыг яаж олон зууны турш хэвээр нь хадгалж өнөөтэй золгосныг ойлгоё гэвэл малчин айлд очоод гэрт хоноглоорой гэж зөвлөнө. Говь их сайхан. Бас Наадам үзэхийг зөвлөнө.

БИД ОРЛОГЫНХОО 18 ХУВИЙГ ТАТВАРТ ЗАРЦУУЛДАГ

-Ярилцлагаа таны ажилтай холбоотой асуултуудаар үргэлжлүүлье. “Рио Тинто”  уурхайдаа жолоочгүй машин нэвтрүүлсэн. “Оюу толгой” хиймэл оюун ухаанд суурилсан ямар нэг технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юу?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Уул уурхай, эрдэс баялгийн олон улсын хурлын үеэр “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьен Жак уул уурхайн салбарыг шинэчлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Үүнийг байнга санаж, технологийн хөгжилд нийцүүлэн өөрчлөлт хийх хэрэгтэй. “Рио Тинто” группт багтдаг нь “Оюу толгой”-н  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг гол давуу тал. “Рио Тинто” бол уул уурхайн тэргүүлэх технологиудыг боловсруулж, нэвтрүүлсэн компани. Ялангуяа төмрийн хүдрийн уурхайдаа хамгийн сүүлийн үеийн технологийг маш амжилттай хэрэгжүүлж байна. Австралийн Перт хотод байдаг удирдлагын төвөөсөө төмрийн хүдрийн 16 уурхай, 1,700 км урт, автоматжуулсан төмөр зам, дөрвөн боомт, хоёр цахилгаан станцыг алсаас удирдаж байна. Бүгд өөр хоорондоо олон зуун километр зайтай. Бас жолоочгүй 80 гаруй өөрөө буулгагч машинтай.

“Оюу толгой”-н удирдлагын баг эдгээр технологийг ажиглан, аль нь манай уурхайд тохирохыг судалж байна. Мөн бид дата менежмент буюу бидэнд байгаа өгөгдлийг хэрхэн хамгийн үр ашигтайгаар ашиглах вэ гэдэгт голлон анхаардаг. Бүх шаардлагатай мэдээллийг нэг дор, зогсолтгүй шинэчлэгддэг системд суулгаад өгчихөөр манай ажилтан, ахлах, менежерүүд зөв цагт зөв шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм. Ингэснээр манай үйл ажиллагаа илүү оновчтой болж, аливаа асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадна. Одоогоор энэ ажилд түлхүү анхаарч байна. Бидний гүний уурхайдаа ашиглах блокчлон олборлох арга ч уул уурхайн нэн шинэ технологи.     

Бид “Үйл ажиллагааны системийн менежмент ” хэмээх төсөл хэрэгжүүлж байгаа. Ажилтан бүрийн хийх ёстой ажлыг нарийн задаргаатай харуулдаг систем. Тэндээс ажилтан тухайн өдрийн цаг тутам яг юу хийх ёстойгоо мэдэж авна. Энэ мэт хиймэл оюун ухаан ашигласан технологиор бүтээмжээ мэдэгдэхүйц сайжруулж болно.

-“Оюу толгой”-той холбоотой татварын маргаан бүтэн жилийн турш үргэлжилж байна. Ахиц гарсан уу? 
-Засгийн газар, “Рио Тинто” групп дөрвөн чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа. Татварын маргааныг шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийн хэлэлцээ үргэлжилж байна. “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хооронд (Монгол Улсын Засгийн газар (34 хувь), Рио Тинто (66 хувь) саналын зөрүү байсаар байна. 2018 оны нэгдүгээр сард манай компанид Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Бид төлөх ёстой гэж үзсэн 5 сая америк долларыг төлсөн. Одоо 150 сая америк долларын акт яригдаж байна. Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу бид төлөх ёстой бүх татвараа төлсөн. Энэ байр сууриа баримтална. Хэрэв талууд хэлцэлд хүрч чадахгүй бол Олон улсын арбитрын шүүхэд хандах эрх нээлттэй. Энэ бол байдаг л үйл явц. Талууд ойлголцолд хүрч, энэ асуудлыг цэгцэлж чадна гэж би найдаж байна.

“Оюу толгой” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш төлөх ёстой бүх татвараа төлсөөр ирсэн. 2010 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 2 тэрбум америк долларын татвар, хураамж төлж, үүнд орлогынхоо 18 хувийг зарцуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд татвар тогтворжуулах заалтууд бий. Татвартай холбоотой бүх ажиллагаа гэрээний дагуу, хууль ёсоор явагдаж байгаа.

-Гэрээнд татварыг хэдий хугацаанд тогтворжуулахаар заасан бэ?
-
Татварын тогтворжуулсан заалт лиценз хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. 30 жил гэсэн үг. 

2010 ОНООС ХОЙШ НИЙТ 8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ТАТВАР, ЦАЛИН, ХУДАЛДАН АВАЛТАД ЗАРЦУУЛСАН

-Саяхан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Оюу толгой төслөөс Монгол Улс өгөөж хүртэх хугацааг наашлуулсан гэж мэдэгдсэн. Харин “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Б.Мөнхбаатар “Бид 2032 оноос эхлэн ногдол ашиг хүртэнэ” гэж өнгөрсөн онд мэдэгдсэн.
-Монгол Улс “Оюу толгой”-н үйл ажиллагаа эхэлсэн даруйд үр ашгийг нь хүртэж эхэлсэн. “Оюу толгой” 2010 оноос хойш нийт 8 тэрбум америк долларыг татвар, цалин, худалдан авалтад зарцуулсан. Ногдол ашиг бол ашиг хүртэх хэлбэрүүдийн нэг нь юм. Бид юуны өмнө хөрөнгө оруулагчаас авсан зээлээ хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй.

“Эрдэнэс Оюу толгой” компанийн 34 хувийг эзэмшигч тул зээлээ адилхан л төлөх ёстой. Хөрөнгө оруулагчийн зээлийг төлсний дараа ногдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ. Хэзээ гэдэг нь төслийн амжилтаас шууд хамаарна. Иймд 2032 он гэсэн хугацаа өөрчлөгдөж болзошгүй.        

-Засгийн газар, Рио Тинто группийн хооронд хийж буй хэлцлийн нэг сэдэв нь хөрөнгө оруулагчаас авсан зээлийн хүүг буулгах тухай (LIBOR +6.5%). Энэ асуудал ямар шатанд яваа вэ? 
-Талууд зээлийн хүүг бууруулах механизмыг хамтдаа эрэлхийлж байна. “Оюу толгой”-н түвшний мега төслүүдийн зээлийн хүүг хэрхэн тооцдогийг ойлгох хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг харгалзах ёстой юм. Аль аль талаасаа эрсдэлээ бууруулж чадвал зээлийн хүүг бууруулах боломж гарч ирнэ. Гэхдээ амаргүй.

“Оюу толгой”-н 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” 2015 онд олон улсын санхүүгийн 20 байгууллагатай хэлцэл хийж, 4.4 тэрбум ам.долларын зээл авсны хүчинд бид өнөөдөр гүний уурхайгаа хөгжүүлээд явж байна. Хөрөнгө оруулагчаас авсан зээлийн хүү олон улсын байгууллагын зээлийн хүүтэй ойролцоо. Хүүг бууруулах арга зам олдвол би баяртай хүлээн авна. 

МОНГОЛБАНК АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ӨРСӨЛДӨЖ БОЛОХГҮЙ

-Валют зохицуулалтын тухай хуулийн төслийг Монголбанкнаас санаачилсан. Зарим эдийн засагч энэ төслийг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээх эрсдэлтэй гэж шүүмжилдэг. Энэ талаарх таны бодол юу вэ?  
-Төв банк бол зохицуулагч байгууллага. Энэ статусаа өөрчилбөл асуудал үүснэ.  Бид төслийн санхүүжилт авахдаа хүлээсэн үүргийнхээ дагуу компанийнхаа орлогыг олон улсын, өндөр зэрэглэлийн банкаар дамжуулдаг. Мөнгөө ямар ч нөхцөлд чөлөөтэй, шуурхай урсгах шаардлагатай байдаг. Гэхдээ орлогоо буцаагаад Монголын банкуудаар дамжуулж, цалин, татвар, ханган нийлүүлэгчдийн төлбөр хэлбэрээр оруулдаг.  Манайх нийт 1,000 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладгийн 700 нь Монголын компани. 2010 оноос хойш бид дотоодын худалдан авалтад 2.2 тэрбум америк доллар зарцуулсан. Энэ бүх мөнгө Монголын банкуудаар дамжиж байгаа.

Төв банк банкны салбарыг зохицуулах үүрэгтэй учраас арилжааны банкуудтай өрсөлдөж болохгүй. Монголбанк улс төрийн нөлөөнд автаж болохгүй гэж бодож байна. Улс төрийн ашиг сонирхлоор богино хугацааны үр ашиг бодон гаргасан зарим шийдвэр алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй. Тэгвэл ардчиллын зарчим, гадаадын шууд хөрөнгө оруулалтад таагүй нөлөө үзүүлэх тул онцгой анхаарууштай юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг мэдээж Монголын төр гаргана.

-Өнгөрсөн долоо хоногт удаан яригдсан эрчим хүчний асуудал шийдэгдэж, “Оюу толгой” Засгийн газартай Тавантолгойд эрчим хүчний станц байгуулах тухай гэрээ байгууллаа. Та бүхнийг Цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос хангах үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүмжлүүлээд байсан шүү дээ?
-“Оюу толгой” дотоодоос эрчим хүч авах үүргээ биелүүлэхийг чухалчилсаар, чармайсаар ирсэн. Оюу толгойн уурхайг болон Өмнийн говийн зарим хэрэглэгчдийг дотоодоос эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч чадсанд баяртай байна. “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ”-г баталгаажуулсан нь Оюу толгойн гүний уурхайн тасралтгүй, аюулгүй ажиллагааны суурь болсон маш чухал үйл явдал. “Оюу толгой” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөөх Монгол Улсын Засгийн газар тэргүүтэй хувьцаа эзэмшигчдийн зүтгэлийн ачаар бид олон жил дамнасан асуудлаа нэг тийш болгож чадлаа шүү дээ. Мэдээж техникийн болон санхүүгийн зохих зохицуулалтуудыг хийх гээд олон ажил бидний урд байна. Одоогоор бид ӨМӨЗО-ны төрийн өмчит IMPIC группээс эрчим хүчээ авч байна.

300 МВт-ын станцаа 2020 онд барьж эхлээд 2023 онд бэлэн болгох төлөвлөгөөтэй. Станц Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ өмнийн бүсийн айл өрхүүдэд хүрнэ. Цааш өргөжүүлэх ч боломжтой. Оюу толгойн уурхай оргил үедээ 300 орчим МВт цахилгаан хэрэглэнэ. Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2021 оны сүүлчээр эхэлж, 2027 онд оргил түвшиндээ хүрэх хуваарьтай.

-Та бүхэн сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар судалсан уу? 
-Тийм, гэхдээ гүний уурхайн онцлогийг бодолцох ёстой. Олон мянган хүн 1.3 км-ийн гүнд ажилладаг тул цахилгаан хором ч тасалдаж болохгүй. Иймд хамгийн найдвартай хэмээн нүүрсний станц байгуулахаар болсон. Хүлэмжийн хийг бууруулах, тогтвортой хөгжлийн чиг баримтлах чухал ч найдвартай байдлаа нэн түрүүнд бодолцъё гэсэн санаа. Нийт эрчим хүчнийхээ хэдэн хувийг нүүрснээс, хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж авахыг одоохондоо эцэслэн шийдээгүй. Судалгаа эхний шатанд байна. 

ОЮУ ТОЛГОЙ УУРХАЙ 100 ОРЧИМ ЖИЛ АЖИЛЛАНА

-Хоёр жилийн өмнө уурхайд очиход Ханбогдод 5-6 давхар ажилчдын орон сууцны шав тавьсан байсан. Ажилчид шинэ байрандаа орчихсон уу?
-Юуны өмнө Ханбогд сум маш хурдан тэлж байгааг хэлэх хэрэгтэй. Аравхан жилийн өмнө 2,000 хүнтэй байсан бол одоо 7,000-д хүрээд байна. Хүнийг хүчээр нүүлгэж болохгүй учраас хөгжлийнхөө инерциэр хүн ам нь өсөөсэй гэж боддог. Хүмүүсийг энд суурьшуулахын тулд эхлээд нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Орон сууц барих нь гол биш. Бид нийгмийн үндсэн дэд бүтэц (инженерийн шугам сүлжээ) болон нийгмийн дэд бүтцийг (онгоцны буудал, мал эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт) босгож байна. Саяхан 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг иж бүрэн тохижуулж нээлээ. Шинэ сургууль олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэнэ. Хэдхэн хоногийн өмнө уурхайг Ханбогд сумтай холбосон, олон улсын стандартын 35 км  замыг ашиглалтад орууллаа. Суурь дэд бүтэц байгуулж дууссаны дараа төрийн холбогдох байгууллагуудтай хамтран сумын хүний хөгжил, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй. Тэгж байж сая хүмүүсийг тийш татах тухай бодолцох ёстой болов уу.         

Гэхдээ иргэд аль нэг компани эсвэл төрөөс бидэнд бүхнийг бэлдэж өгөх ёстой гэхээс илүүтэй өөрсдөө эзний ёсоор хотдоо хандах нь чухал. Бас төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой. Жишээ нь, сургууль, цэцэрлэгийн төслийг “Оюу толгой”-н санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” аймгийн удирдлагатай хамтарч хэрэгжүүлсэн. Хот суурин байгуулна гэдэг орон сууц барихын нэр биш. Хүмүүс надаас орон сууц хэзээ ашиглалтад орох вэ гэж асуудаг. Гэтэл орон сууц гэдэг чинь хотын ердөө нэг хэсэг нь. Бид аймгийн захиргаатай нэг чигт харж, хамтдаа итгэлтэй урагшилж байна. Цаашид Ханбогдод олон сууц баригдана. Гэхдээ хаана амьдарч, хаана хөрөнгө оруулахаа иргэд өөрсдөө шийднэ.

Нутгийн иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах чиглэлээрх манай гол бодлого бол төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагааг илүү ойртуулж, сайжруулах юм. Би уул уурхайн салбарт 30 орчим жил ажиллахдаа уурхайг даган хэд хэдэн суурин бий болохыг харж байлаа. Хот босгоно, тогтвортой хөгжүүлнө гэдэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэдийн хотоо гэсэн сэтгэлийн үр дүнд бий болох зүйл. “Оюу толгой” 10 жилийн стратегидээ Ханбогдыг тогтвортой хөгжүүлэх зорилт тусгасан. Оюу толгойн уурхай 100 орчим жил ажиллана. Гэхдээ гол нь уурхай хаагдсан хойно ч хотын эдийн засаг тогтвортой байх, тийм газар болж хөгжөөсэй. Бид үүний төлөө ажиллаж байна.    

-Та Эрдэнэтэд очиж байв уy?
-Тийм ээ, надад их таалагдсан. Эрдэнэт 1970-аад оны жишиг хот. Гэхдээ Оюу толгойн жишиг арай өөр. Орчин нөхцөл нь ч Ханбогдоос ялгаатай. Эрдэнэтэд давуу тал их ч шийдэх асуудлууд бий.

Ханбогдыг ганц өдрийн дотор хот болгох боломжгүй. Сумаас хот болгоход олон шат дамжлагатай, ялангуяа хууль эрх зүйн хүрээнд. Эхлээд Ханбогд сумын хүний хөгжил, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг зохих яам, газруудтай хамтран гаргах хэрэгтэй байна.

Бид өнгөрсөн хугацаанд Ханбогд сумд томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн. Ус, цахилгаан хангамж, зам муутай, нисэх буудалгүй байсныг шийдвэрлэсэн. Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд илүү сайн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн. Энэ бүхнийг хийхдээ бид үргэлж дэлхийн шилдэг стандартыг баримталдгийг онцолмоор байна. Засгийн газартай Ханбогдыг хөгжүүлэхэд чиглэсэн тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж болох юм.

ЗӨВ ҮР ДҮНД ХҮРЭХИЙН ТУЛД ЗӨВ ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛАХ НЬ ЧУХАЛ                        

-Нийтлэлч Б.Баабар “Оюу толгой”-н ажилтнуудын үндсэн цалин дунджаар 3 сая төгрөг гэж мэдэгдсэн. Үнэн үү?
-Цалин бол хүний хувийн мэдээлэл. Манай ажилчид ажлаа хэмнэлттэй, үр дүнтэй гүйцэтгэн, зорилтуудаа цаг тухайд нь биелүүлж байгаа. Тэд бол гүний уурхай бүтээн байгуулж байгаа залуус. Бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварт тохирсон цалинг олгодог. “Рио Тинто”-гийн удирдлага дор багаараа маш үр дүнтэй, зардал багатай ажиллаж байгаа. Жишээ нь өөрөө ачигчийн ашиглалтаараа манайх групптээ тэргүүлдэг.         

Би 2017 онд захирлаар томилогдон ирэхэд хүдэр дэх зэс, алтны агуулга бага байснаас ил уурхай алдагдалтай ажиллах эрсдэл үүссэн байв. Бид илүү үр ашигтай ажиллахын шинэ санаа, санаачилга дэвшүүлээч гэж бүх ажилтнуудаасаа хүссэн. Үүний ачаар ил уурхай өнгөрсөн онд ашигтай ажилласнаар зогсохгүй гүний уурхайн зардлын тодорхой хувийг санхүүжүүлж байна. Хүмүүст хэдэн төгрөгийн цалин олгох нь чухал биш. Зөв үр дүнд хүрэхийн тулд зөв хүмүүсийг ажиллуулах л чухал.          

-Арваннэгдүгээр сараас хойш Гашуун сухайт боомтод дахин урт цуваа үүсэв. Хэдийгээр цуваа богиноссон ч гацааг бүрэн шийдээгүй байна. Энэ байдал танай экспортод нөлөөлж байна уу?
-Манайх бүтээгдэхүүнээ Гашуун сухайтаар дамжуулж БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг. Тийм болохоор хүндрэлтэй байгаа. Уурхайгаас боомт хүртэл өөрийн замаар баяжмалаа тээвэрлэдэг ч боомтод хүрээд нүүрс, зэсийг нэг л гарцаар цааш нэвтрүүлнэ. Хил дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр ГХЯ, ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран ажиллаж байна. Гашуун сухайт боомт өнөө хэр нь олон улсын статусгүй. Энэ боомт 24 цаг ажилладаг болчихвол экспортод их нэмэртэй. Ер нь аль нэг хил дээр асуудал үүсэж бизнесийн эрсдэл гарахаас сэргийлж нэгээс илүү боомтоор тээвэрлэх гэх мэт хувилбарыг авч үзэх ёстой байх. Гэвч Гашуун сухайт боомтын асуудал их төвөгтэй. Бүх талууд асуудлыг хамтдаа ярилцан, байнгын шийдэл олсон цагт л үр дүн гарна. Монгол, Хятадын тал хэлэлцээд шийдвэл сайн л байна. Ер нь хилээр илүү олон машин нэвтрүүлэхийн тулд ажилласаар байх хэрэгтэй. 

-Ухаалаг систем нэвтрүүлснээр ямар давуу тал бий болох вэ?           
-Өвөр Монголын гаалийнхан машинуудын салхины шилэнд ухаалаг карт суурилуулах юм билээ. Жолооч гаалийн бүрдүүлэлт хийхээр машинаас бууж цаг алдахгүй болно. Хилээр нэвтрэх явц хурдасна гэсэн үг. Хилээр нэвтрэх автомашин гаалийн мэдүүлгээ урьдчилан мэдүүлнэ. Тухайн машин гаалийн ухаалаг системээр нэвтрэх үед мэдээллийг автоматаар уншиж шалгаад жингийн зөрөө байгаа эсэх, хууль бус бараа тээвэрлэсэн эсэхийг автомат рентгенээр нягтлах юм. Ямар нэг асуудалгүй бол хаалга автоматаар нээгдэнэ, бүх мэдээллийг Хөх хотын гаалийн газрын дата баазад шууд бүртгэнэ. 

-Төгсгөлд нь би танаас “Оюу толгой”-н 2019 онд хийхээр төлөвлөсөн гол ажлуудыг тодруулмаар байна.
-2019 он хүнд жил болох төлөвтэй байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн зах зээлийг тогтворгүйжүүлж байна. Зэсийн үнэ төсөөллөөс доогуур байх төлөвтэй. Дэлхийн эдийн засаг, зах зээл таамаглах аргагүй байна. Иймд бид зах зээлийг анхааралтай ажиглан, аливаад бэлэн байхад анхаарна.       

Зэсийн хамгийн том хэрэглэгч нь БНХАУ хэвээр байна. Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлж байгаагаас гадна цахилгаан машины зах зээлд хүч түрэн орж ирсэн. Гэхдээ бид ойрын арван жилийн стратегидээ шинэ зах зээл рүү орохоор заасан. Иймд Япон, БНСУ-ыг судалж, өнгөрсөн онд Япон руу туршилтаар зэс гаргалаа.        

Энэ онд бид аюулгүй ажиллагаанд үргэлжлүүлэн анхаарна. Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохицуулдаг ахлах ажилтан, ханган нийлүүлэгчдээ аюулгүй ажиллагааны олон улсын стандартын талаарх мэдлэг мэдээллээр хангана. Ажилтнуудадаа сургалтууд зохион байгуулна. “Оюу толгой” төсөлд нийт 17 мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь Монголчууд. Энэ онд ч ажилчдаа хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллана. Ялангуяа ирээдүйн менежер, удирдагчдыг бэлдэх их чухал. Бидний анхаарах дараагийн асуудал нь зардлын хяналт. Зах зээлийн нөхцөл амаргүй байгааг би дурдсан. Өндөр үр дүнтэй ажиллахад мэдээж ажилчид, ханган нийлүүлэгчдийн идэвх, дэмжлэг хэрэгтэй.         

Ханбогд сумыг үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Нутгийн малчидтай хамтран хүнсний үйлдвэрлэлийн бодлого боловсруулсан, хэрэгжүүлээд эхэлсэн. Ханбогд сумын ханган нийлүүлэгчдийг энэ санаачилгад нэгдэхэд уриалж байна.  

“Оюу толгой” төслийн үр шимийг Монголчуудад илүү хүртээхийн төлөө ажиллах болно. “Оюу толгой” Монголын эдийн засаг, хүний нөөц, технологийн хөгжлөөр зогсохгүй гадаад харилцаанд онцгой нөлөөтэй, маш чухал мега төсөл.  

Бүтээн байгуулалтын хувьд бид энэ оны эхний хагас жилд багтаан Хоёрдугаар босоо амыг нээхээр төлөвлөсөн. Хоёрдугаар босоо ам ашиглалтад орохоор гүний уурхайн бүтээн байгуулалт мэдэгдэхүйц хурдасна. Арван метрийн диаметртэй энэ босоо ам өдөрт 1,800 хүн, олон мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Мөн агааржуулалтын зорилгоор ашиглана.

Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээнийхээ хүрээнд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, шаардлагатай асуудлуудыг шийднэ. Төслөө амжилттай хэрэгжүүлэхэд өмнө байгуулсан гэрээнүүдийн халдашгүй дархан байдал чухал. Цахилгаан станц барихаар болж, “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г байгуулсан нь манай хувь нийлүүлэгчид, хамтрагч талууд “Оюу толгой” төслийг урагшлуулах хүсэл эрмэлзэлтэй буйг харууллаа. Цахилгаан станц ашиглалтад орж, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж, Таван толгойн IPO амжилттай болбол Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжих болно. Гэхдээ Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөс олон зүйл хамаарна.       

-Цаг гарган ярилцсанд танд баярлалаа.  

Гэрэл зургуудыг: Д.Жавхлантөгс, О.Сүхбат

Нийтэлсэн:

Б.Эрдэнэчимэг

Сэтгүүлч

2019-01-07 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3453 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ