Хайлт хийх

Н.Туулайхүү: Монголынхоо сонгодог урлагийн хөгжлийг дэлхийн энд хүргэх сэн гээд олон ажлын саналаас татгалзсан

Монголын Сонгодог хөгжмийн урлагийн нэрт удирдаач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий удирдаач, Н.Туулайхүүг “Монгол Бахархал” буландаа урилаа. 

Тун энгийн хийгээд нээлттэй, хөгжилтэй яриа хөөрөөтэй энэ хүн 30 гаруй жил Монголын сонгодог урлагт зүтгэж,  залуу үеийнхэндээ өөрийн сурсан мэдсэнээ харамгүй түгээн,  хувь нэмрээ оруулж яваа ажээ.

Үр хүүхэд, гэр бүлээ улам их хайрлаж байна

Таныг хагалгаанд ороод удаагүй болохоор ярилцлага өгөх боломжтой эсэхийг асуухаар театр руу залгасан юм. Тэгэхэд бүр ажлаа хийж байгааг сонсоод их баярласан шүү. Таны бие сайн уу?
Би ноднин ходоодны хорт хавдартай болоод Солонгост хоёр ч том хагалгаанд орлоо. Миний эмчилгээнд зориулж манай театрынхан, хүүхдүүд, найз нөхөд маань хандивын тоглолт зохион байгуулсан. Харамсалтай нь би тэр тоглолтыг үзэж чадаагүй. Гэхдээ би тэрэнд хязгааргүй их баярлаж явдаг. Одоо бие сайн байгаа. Хамгийн гол нь хүн эрүүл байх хэрэгтэй. Саяхан надад хагалгаа хийсэн эмч эмнэлгийн даргатайгаа ирж үзлэг хийсэн. Таван жил эмнэлгийн хяналтад байх болсон. Хүнд өвчин туссан хүн өөрөө эдгэнэ гэж боддог байх хэрэгтэй. Би өөрөө сэтгэлийн тэнхээтэй байсан шүү.

Хагалгааны дараах хүнд үеийг хэрхэн даван туулсан бэ?
Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг гэж ярьдаг ч хэлэхгүй байхын аргагүй. Хагалгааны дараа эхнэрийн ач гавьяа, үр хүүхдийн аавыгаа халамжлах халамжийг юунаас илүү мэдэрч, шүтэж барахын аргагүй сайхан мэдрэмжийг амслаа. Хань, үр хүүхэд маань надад ийм их хайр халамжаа үзүүлдгийг яс махаараа мэдэрлээ. Тийм учраас би үр хүүхэд, эхнэрээ улам их хайрлаж, тэдэндээ сайн эцэг хүн гэдэг ач гавьяагаа үзүүлэх цаг юм гэдгийг ойлгосон. 

Бүтэн сар хүнд өвчтэй гадаадад эмнэлэгт байхад эхнэр минь намайг асарч хамгаалж, миний төлөө нулимсаа дуслуулж, сэтгэл нь шаналж, шүд зууж харж хандана гэдэг ямар гайхамшиг юм бэ. Өвөлжингөө би химийн тариа хийлгэж байхад эмчийн дайтай надад бүх тариа дуслыг хийж өгдөг байсан. Хөгжимчин хэрнээ сувилагчийн мэдлэг чадварыг эзэмшсэн яг л эмч шиг намайг халамжилсан даа.

Тийм учраас би үр хүүхдэдээ эцгийн нөмөр нөөлгийг үзүүлж явах юм сан гэж боддог. Би охиндоо удирдаачийн мэргэжлээ өвлүүллээ. Анх удаа Монголд балетын удирдаач мэргэжлийг эзэмшүүлсэн. Миний охин ямар ч “арын хаалгагүйгээр” цэвэр авьяас, хөдөлмөрөөрөө энэ мэргэжлийг эзэмшсэн. Энэ бол Монголын балетын урлагт оруулж буй асар том хөрөнгө оруулалт. Учир нь балетын бүжигчдийг зөв чадварлаг бүжиглүүлэх, балетыг хөгжүүлэхэд их чухал нөлөөтэй. Дуурийн удирдаач бидэнд тийм бололцоо байдаггүй. Хөгжмийг нь удирдаж л өгдөг байлаа.

Бага охин маань Москва хотын Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийг улаан дипломтой төгслөө. Хүргэн маань балетчин А.Өлзий-Орших. “Уран хас”, “Спартак”-ийн шилдэг дүрүүдэд тоглодог балетын нүүр царай болсон шилдэг бүжигчин. Хүүхдүүдийн маань энэ уйгагүй хөдөлмөр нь намайг их баярлуулдаг даа. Цаашдаа Дуурийн театртаа илүү их хувь нэмрээ оруулж байх юм сан, сайхан уран бүтээл тавьж ард түмнээ баясгах юм сан гэж боддог.

Суут хөгжмийн зохиолчид өнөөдрийг хүртэл дэлхийн сая сая хөгжимчид, удирдаач, дуучдыг тэжээж байна

Та хөгжмийн зохиолчийн хуваарь аваад Оросод очиход нэг ч хөгжим зохиогоогүй гээд хөөгдөх шахсан гэдэг?
Тэр үед  Соёлын яамны шалгалт олдохгүй, Хөгжмийн зохиолчдын холбооноос шалгалт өгөөч гэсэн санал тавьсан юм. Би одоо хүртэл хөгжмийн зохиолчдын холбоондоо баярлаж явдаг. Тэгээд холбооны нэр дээр шалгалт өгтөл тэнцчихсэн. Ингээд хойно Свердловскт /Одоогийн Екатеринбург хот, Уралын холбооны тойрог/ очоод шалгалт өгөх гэтэл надаас “Зохиосон хөгжим бий юу?” гэхэд нь “Нэг ч хөгжим байхгүй” гэв.  Тэгээд надад Москва явах санал тавьсан.

Гэтэл Уралд эхнэртэйгээ танилцчихсан болохоор сэтгэл хоргодоод хоорын удирдаачийн ангид орж, дараа жил нь кларнет хөгжмийн ангид сурсан юм. Гуравдугаар курстээ дуурь ба симфонийн удирдаачийн ангид орж, 1985 онд нэг сургуулийг хоёр диплом, хоёр ромботой төгссөн. Дуурийн удирдаач гэдэг нь консерваторийг төгсөөд 4-5 жил ажиллаад дахин аспирантурт сурч төгсдөг мэргэжил юм. Гэтэл би гуравдугаар курст байхдаа шалгалт өгч тэнцээд дуурийн удирдаачийн нэгдүгээр курст элссэн юм.

Төгсөөд иртэл "Хөгжмийн зохиолчдын холбоо манайд удирдаач хэрэггүй, Соёлын яамандаа оч" гэлээ. Гэнэт л төлөвлөөгүй удирдаач гараад ирсэн учир сандралд орцгоосон нь тэр. Ингэж л улсын "төлөвлөгөөт бус" удирдаач болсон түүхтэй. Ингээд намайг миний ажиллаж байсан дуурийн театр биш Улсын филармонид удирдаачаар томилж, би 30 настайдаа удирдаач болсон. Уг нь 45-50 насандаа удирдаач болдог. Тиймээс их туршлагажсан гэж боддог.

Оросын сонгодог урлагийн юу нь Таны сэтгэлийг татдаг вэ?
Оросын агуу том хөгжмийн суут зохиолчид дэлхийн бүхий л удирдаачид, дуучид, хөгжимчдийг тэжээж байна. П.И.Чайковский ямар олон хүнийг тэжээсэн юм бэ? Одоо хүртэл тэжээсээр байна.
Тэр хөгжмийн зохиолчдын оронд суралцсандаа би баярлаж явдаг. Чайковскийн төрсөн Алапаевск хотод очиж үзэж байлаа. Уралын хөгжмийн сургуулиас хойшоо автобусаар 5 цаг яваад хүрдэг. Тэр гэр музейд нь очиж, гудамжаар нь алхаж явахдаа Чайковский тэнд төрж, өсөөд, дэлхийн түмнийг тэжээх том бүтээлээ туурвижээ гэж бодогдсон.

Таны анх санаандгүй байдлаар  “Учиртай гурван толгой” дуурийг удирдсан гэсэн.
Чи намайг бүрэн судалжээ /инээв/. Би хөгжим бүжгийн дунд сургуулийг удирдаач ба хөгжимчин мэргэжлээр төгссөн. Тэр үед ичих булчирхай минь айхавтар ажиллаж, удирдаач гэдгээ нуучихдаг байлаа. Нэг удаа театрт “Учиртай гурван толгой” дуурийг тоглох гээд үзэгчид ирчихсэн байтал удирдаач нь цагаа андуураад ирээгүй байсан. 17:00 цагт эхлэх тоглолтыг 18:00 цаг гэж бодоод гэртээ байж байсан юм билээ. Үзэгчдийг нэг бол цаг хүлээлгэх хэрэгтэй болсон. Хөгжмийн ангийн дарга намайг удирдаач мэргэжилтэйг мэддэг байсан болохоор уран сайхны удирдагч П.Хаянхярваа гуайтай ярилцаад надаар дуурийг эхлүүлэх шийдвэр гаргалаа.

Тэгээд би гарч ирээд удирдах гэтэл сэтгэл хөдлөөд, партитур маань цагаан цаас болж харагдлаа. Тэгэхээр нь партитураа хаагаад дуурийг цээжээр удирдаж эхэллээ. Хөшиг нээгдтэл үзэгчид нь биш дуучид нь гайхаж хараад дуулахгүй зогсоод байх нь тэр.

Тэднийг би "дуулаад өгөөч" гэж шаардлаа. Нэгдүгээр үзэгдэл дуусч байхад хоцорсон удирдаач маань гүйж орж ирж, ажлаа хийсэн. Ингэж анх “Учиртай гурван толгой” дууриар удирдаачийнхаа салхийг хагалсан юм. Бас нэг удаа Ч.Жамсранжав удирдаач “Травиата” дуурийг удирдаад радиогоор ярих ёстой байлаа. Удирдангаа ярих гэтэл огт болж өгөхгүй байхаар нь “Алив Туулайхүү чи удирд. Би хажууд нь ярья” гээд надаар удирдуулж байсан. Ч.Жамсранжав гуай маш авьяаслаг удирдаач байж билээ.

Дэлхийн дуурийн театруудын мөрөөдөл болсон “Аида”-г Монголдоо удирдаж зогсохдоо их бахархдаг

Гаднын театрууд Танд ажиллах санал тавихад Монголдоо байхыг илүүд үзжээ. Яагаад?
Би Монголдоо маш их ажилтай байдаг. Гадаадад тоглолтоор олон ч удаа явж байлаа. Якутад би “Богема” дуурийг сарын дотор тавиад тэдний тухайн үед тэмцээнд нэгдүгээр байр эзэлж байлаа. Улаан-Үд, Красноярскт дууриудыг удирдаж байлаа. Улаан-Үдийн театр надад ерөнхий удирдаачаар ажиллах хүсэлт олон жил тавьсан. Якутын дуурийн театр ерөнхий удирдаач, Хөх хотод ерөнхий уран сайхны удирдагчаар ажиллах хүсэлт тавьж байсан.

Австрийн Вена хотод бүтэн сар өөрийгөө боловсруулж бүх л тоглолтуудыг үзлээ. Сонгодог урлагийн хүн заавал Венийг үзэх хэрэгтэй. Штаатсопер, Фольксопер, Дэлхийн алтан заалыг үзлээ.  Францын Леон хотод симфони оркестртой тоглож байсан.

Хятадад ӨМӨЗО-ны симфони оркестртой “Мандухай сэцэн хатан”дуурийн бичлэг хийж, оркестртой олон тоглолт хийсэн. Өөрийн хувьд би хангалттай олон газраар явсан хүн. Би өөрөө Монголдоо ажиллах хүсэлтэй байдаг учраас гадаадад ажиллах саналд эвтэйхэн татгалзаж байсан. Хамгийн гол нь Монгол орныхоо сонгодог урлагийг тэр жишигт хөгжүүлэх бодол бий.

Танд хамгийн дуртай бүтээлээ удирдаад зогсоход ямар мэдрэмж төрдөг вэ?
Манай Дуурийн театрын нүүр царай болсон алдартай дууриуд байдаг. Жишээ нь “Аида” дуурийг манай алтан үеийнхэн мөрөөдөж ярьдаг байсан. 1974-1978 онд би театртаа хөгжимчнөөр ажиллаж байхдаа алтан үеийнхэнтэй цуг ажиллаж байлаа. Тэд "“Аида” дуурийг л тавьчихвал Монголын сонгодог урлаг маш өндөр түвшинд хүрнэ" гэдэг байсан. Тэгэхэд бид өнөөдөр “Аида” дуурийг тавиад 10-аад жил өнгөрсөн байна. 

Энэ дуурийг удирдаж байхдаа сэтгэлийн асар их таашаал авдаг. Удирдсаныхаа дараа үзэгч хэчнээн бага байсан ч Монголынхоо дуурийн театрт удирдаж байна гэсэн бахархал төрдөг. Хамт олон, дуучид, хөгжимчдөөрөө бахархдаг. Энэ дуурийг илүү олон хүн үзэж, Монголын авьяастай уран бүтээлчдээрээ бахархаж яваасай гэж би их мөрөөддөг юм.

Манай бодлого боловсруулагчид сонгодог урлагаа сонирхож байгаасай гэж хүсдэг.  Бидний хойч үед их хэрэгтэй юм. Сонгодог урлагаа хөгжүүлсэн улс сэтгэлийн асар их баялагтай байдаг. Тэр хүн соёлтой болдог, хүнтэй харьцах харьцаа өөр байдаг. Бүх дэлхий сонгодог урлагаар соёлжиж, хүмүүждэг юм шүү.

“Аида” дуурийн юу нь тэгж их сэтгэлийг тань татаж, онцгой санагддаг юм бол?
“Аида” дуурийн дайнд ялсан орны цэргүүдээ угтан авч байгаа, дээр нь ялагдаад ирж байгаа хүмүүстэй нийлээд тайз дүүрээд ирдэг асар том хэсгийг удирдаж байхад сэтгэлийн маш их таашаал авдаг. Үнэхээр өөрөө ялаад ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрж, бахархах сэтгэл төрнө.

Дэлхийн ямар ч хүн төрөлхтөн үүнийг үзээд баярлана. Ж.Верди энэ дуурийг 80 гаруй насандаа бичсэн. Тийм учраас нэг ч алдаа байдаггүй. Алдаа байхгүй учраас хасаж болдоггүй. Яг байгаагаар нь тоглох зориулалттай. Дэлхийн бүх дуурийн театрууд “Аида” дуурь тавихыг мөрөөддөг. Энэ дуурийг өдөр бүр, байнга тоглоод байдаггүй. Нэлээн бэлтгэл шаардсан, жилдээ нэг хоёр тоглох бүтээл юм.

Тэгэхээр үзэгчдэд тэр сайхан мэдрэмжийг өгөхийн тулд юуны өмнө сонирхол төрүүлэх хэрэгтэй байх?
Манай улсад сонгодог урлагийг сурталчлах суваг, сонгодог урлагийг сургуульд заах хөтөлбөр гаргаж сургалтад оруулах хэрэгтэй. Тэгвэл монгол хүүхдүүд сонгодог хөгжмийн нэрийг мэддэг, алдартай удиртгалуудыг сонсож мэддэг болно. Ийм байвал хүмүүсийн дуурь, балет үзэх магадлал нэмэгдэнэ. Хүчээр сонгодог урлагийн тоглолт үзүүлэх нь сайхан санаа биш. Зурагтаар байнга сурталчилж хүмүүст дасал болгоод өөрсдөө ирж үзэх сонирхол төрүүлэх нь чухал.

Дуурь, балет үзсэн хүүхдүүдийг дахиж театрт авчрахаар их баярладаг. Хүүхдүүд дахиад үзэх сонирхолтой. Хоёр цаг тэвчээртэй, амьсгаа даран дуурь балет үздэг хүүхдүүд байна. Энэ бол хүүхдийг тэвчээртэй, олон нийтийн дунд биеэ зөв авч явдаг, мэдлэгийн хүрээг нь тэлдэг гээд олон төрлийн ашигтай. Тэр байтугай сонгодог урлаг өвчнийг анагаах ч чадвартай гэдэг. Оюун ухаан, сэтгэл санааны хямралыг анагаах чадвартай байна.

Удирдаачид нэг дор 70-80 мөрийг зэрэг уншдаг гэж сонссон юм. Ер нь ямар хүнийг сайн удирдаач гэх вэ?
Удирдаачийн мэргэжил дэлхийд хамгийн хүнд гурван мэргэжлийн нэгд ордог. Мэс засалч, уурхайчин, удирдаач гурав. Уурхайчин хүн олон мянган метрийн доор их стресстэй ажилладагтай адил удирдаач хүн "дуучин маань гарч ирээд хэмнэлдээ дуулж чадах болов уу, симфони оркестртой ажиллахдаа яах бол" гэсэн сэтгэхүйгээр санаа зовж ажилладаг.
В.И.Ленин номыг 10 мөрөөр уншдаг, Ю.Цэдэнбал дарга таван мөрөөөр уншдаг гэж сонссон юм байна. Гэтэл удирдаачид 70-80 мөр, зарим тохиолдолд 100 гаруй мөрийг зэрэг уншина. Удирдаач хүний хараа, сонсгол нарийн байдаг. Амаараа юм ярихгүй мөртлөө, гараараа хурдан удаан, чанга сул гэх мэтчилэн зааврыг өгч байдаг. Удирдаачийн дохио зангаа бүхэн нэртэй. Тэдгээрийг балет, хөгжимчид бүгд мэддэг. Удирдаач хүний тархи асар их ядардаг. Заримдаа хоёр цаг үргэлжлэх дуурийн дараа хүнтэй ярих ч сонирхолгүй болох үе бий.
Тархи их ядрахын зэрэгцээ биеийн хүч шаардсан мэргэжил. Олон цагаар зогсох, хүмүүстэй ажиллах шаардлага гардаг учраас оюуны хүч чадалтай, хэр баргийн юманд гутардаггүй, урагшаагаа тэмүүлж ажилладаг хүн байх хэрэгтэй. Түүгээр үл барам, урлаг учир удирдаач хүн тайзан дээр аятайхан харагдах ёстой. Би ч нэг их сайхан биетэй хүн биш л дээ. Гэвч хараа сайтай, нүүрний хувирал сайн байх, гоё гартай байх ёстой байдаг юм. Эдгээр шаардлагуудыг бол хангана. Цаашдаа урт хугацаанд ажиллах чадвар чухал учраас оюуны тэвчээр шаардсан мэргэжилдээ.

Тэгэхээр удирдаач хүн театрыг залж жолооддог чухал үүрэгтэй байх нь ээ?
УДБЭТ-ын бүх л балет дуурийн ихэнх репертуар над дээр байна. “Аида”, “Чио Чио сан”, “Богема”, “Чингис хаан”, “Үүлэн заяа” дууриуд дээр ажиллаж байна.
Удирдаач хүн өдөр бүр уран бүтээлчдэдээ хичээл зааж байдаг. Ур чадварыг сайжруулах, дэлхийн түвшинд заах нь удирдаачтай холбоотой. Удирдаач хэчнээн сайн ажиллана төдий чинээ дуурийн театрыг сайн авч явна. Удирдаачдын нас ахих тусам улам туршлагажиж, чанаржиж байдаг. Гэтэл Монголд "тэтгэвэрт  гарсан бол  боллоо" гэсэн үзэл бий. Энэ хүмүүс маш үнэ цэнтэй юм. Дуурийн театртаа өсөж хөгжөөд эргээд өгөөжөө өгөх нь чухал. Дэлхийн дуурь балетын театрууд ямар түвшинд явж байна, өөрийн театраа өндөр түвшинд хүргэхийн тулд юу хийх ёстой, ямар балет дуурь дээр ямар уран бүтээлчтэй ажиллахыг туршлагажсан удирдаач нар л мэддэг.
Удирдаагчийг тэтгэвэрт гаргаснаараа дуурийн театр алдана. Бид залуу удирдаачдаа бэлдэж, зөв сургаж, сайн удирдаач болгоход шахах хэрэгтэй. 
Удирдаач болъё гэсэн хүн болгон удирдаач болдоггүй. Удирдаачаар төгсгөх гэж олон хүн гадаад руу явуулсан хэрнээ удирдаач болж ирж байгаа хүн нь ховор байна. 

Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, хүүхдэдээ сайхан бүтээлүүд сонсгож дасгаснаар сонгодог урлагт дурлуулж болно

Хүүхдээ сонгодог урлагт дурлуулах гээд зарим эцэг эх сонгодог хөгжим сонсгож, машиндаа ч тавьж явах үе байна. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ сонгодог урлагт дурлуулахын тулд өөр юу хийж болох вэ?
Хүмүүс караокед дуулдгийгаа урлагт дуртай байна гэж ойлгодог. Энэ байж болох асуудал. Дуун дотор үг бий. “Ээж ээ, ээж ээ би таныг санасан шүү”, “Аав аа, аав минь их сайн хүн байж билээ”, “Чамтай сайхан байжээ. Чамгүйгээр би үхэх нь байна шүү” гэх мэтчилэн дуулдаг. Дандаа л ганихарч гунихарсан дуу сонсоод байхаар хүний сэтгэл санаа доройтдог. Үг хүний оюун ухаантай холбоотой. Харин хөгжимд үг байхгүй. Үг байхгүй учраас хүн юу ч сэтгэж болно. Тэр хөгжим сайхан учраас хүн аль болох гоё юм сэтгэнэ.

Би хөгжмийн зохиолч Поль Мориагийн хөгжмийг үргэлж сонсдог. Хөдөө явахдаа хүүхдүүддээ сонсгоно. Тэр хөгжмийг сонсохоор л сэтгэл санаа сайхан болдог гэж ярьдаг. Хүн болгон далайн эрэгт хөгжилдөж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэгэхээр хүүхдэдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч сонсгож болно. Ингээд сонсгоод дасгаад байхаар хүүхдүүд дуртай болж эхэлдэг. Тэгээд хөгжмөө улам хүндрүүлж, хүндрүүлсээр байгаад симфониуд сонсгож болно. Л.Бетховений есөн симфони, П.И.Чайковскийн зургаан симфонийг сонсож сурсан байх хэрэгтэй. Сонсоод дурласан хөгжмөө хүн цааш нь сонирхож эхэлдэг.

Хүмүүс сонгодог урлагийг үзэх гэж их бэрхшээдэг байх. Ойлгохгүй хэцүү гэдэг. Заавал тэрийг ойлгоод байх хэрэггүй. Сэтгэл санаанд таараад, аятайхан санагдаж байх нь чухал.

Монголын дуурийн театр Азидаа ямар түвшинд явж байна вэ?
Социалист оронд сонгодог урлагийг түгээж байсан Орос, Герман, Чех, Румын, Болгар орнууд сонгодог урлагийг манайд нэвтрүүлсэн. Гол хүчин зүйл Оросын “школ”. Тэр үед Ази тивд хамгийн анхдагч сонгодог хөгжмийн сургалт өгсөн багш нар Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан.  Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж байхад бидний онол, сургалт, сонсголын багш нар Оросын мэргэжилтнүүд байлаа. Бид яг л гадаадад суралцаж байгаа юм шиг суралцаж байсан. Бид маш азтай хүмүүс.

Төгсөөд Оросод консерваторит орсон нь Монголд сонгодог урлаг үүсч хөгжихөд хүчтэй нөлөөлсөн. Оросууд бидэнд Дуурийн театрыг барьж өгсөн, дэлхийн томоохон дуурийг тавьж өгсөн. 1996 оноос би дуурийн театрт ажиллахдаа монгол хэл дээр дуулсан дууриудыг төрөлх хэл дээр нь болгосон. “Чио Чио сан” дуурь монгол хэл дээр байсан бол итали хэл дээр, “Кармен” дуурийг франц хэл дээр болгосон. Ингэвэл манай дуучид гадаадад ямар ч дуурийг үндсэн хэл дээр нь дуулж чаддаг болно гэсэн үг. Ингэснээр дэлхийн бусад улс орнуудтай ижил түвшинд дуулж чадах юм.

Тэр үүднээс манай Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал, Б.Монголхүү зэрэг монгол дуучид дэлхийд гарч, амжилттай явж байна. Нэг үгээр хэлэхэд дуучдаараа бид дэлхийд өндөр түвшинд явж байна. Ази, европ тивийн зааг дээр харьцаж байгаа орон боловч дэлхийн түвшинд явж байна. Тийм учраас Италид тоглодог дуурийг бид Монголд тоглож байна. Гол нь биднийг бодлогоор харж үзэх хэрэгтэй. Уран бүтээлээ илүү чанаржуулж, хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал шаардлагатай. Энийг л шийдэж чадвал бид гадаадын уран бүтээлчдээс ялгарах зүйл байхгүй.

Удирдаачийн хувьд эмзэглэж явдаг зүйл тань юу вэ?
Сүүлийн үед Youtube, зурагтаар харж байхад удирдаач нар дур дураараа удирдах, удирдаач биш шоу хийх, этгээд марзан удирдах, энэ мэргэжлээр тохуурхах, үүнийг нь хүмүүс сонирхох явдал гарч байна. Энэ бол сонгодог урлаг биш.
Монголын сонгодог урлагийн үйл ажиллагаа тогтмол явагддаг газар бол дуурийн театр. Гэтэл зарим орнуудад сайхан том театрууд байдаг хэрнээ дотор нь ажилладаг хүн байхгүй. Манай дуурийн театрын бүх л үйл ажиллагаа XIX-XX зууныхаараа явж буй нь дэлхийн сонгодог урлагт алт шиг үзэгдэл юм. Гадаадын хөгжимчид манайд ирээд Монголын дуурийн театр ёс журмаараа явж байгаад гайхдаг. 
Манай театр Германы зураг төслөөр буюу герман дуурийн театрын жишгээр баригдсан. Дэлхийн II дайнд оросуудад олзлогдсон Германы хоригдол цэргүүдэд байсан театрын зураг төслийг Оросууд манайх руу илгээсэн юм билээ. Харин театрын барилгыг Монгол дахь Японы хоригдлуудаар бариулсан.Тиймээс манай театрын хувь заяа Дэлхийн II дайнтай их холбоотой. Манай театр том ч биш, жижиг ч биш,  яг л Монголдоо таарсан. Ганц гэм нь техникийн өргөтгөл хийх хэрэгтэй байгаа юм.

Сонгодог урлаг Монголд орхигдсон урлаг гэж ярьдаг шүү дээ...
Сонгодог урлагийн бодлого тусдаа байх ёстой. Ерөнхийлөгч юм уу Засгийн газрын ивээл дор албан ёсоор хөгжүүлэх хэрэгтэй юм. Энэ бол Монголын ард түмний дэлхийтэй эн зэрэгцэх соёлын асуудал. Ардын урлаг бол тэртэй тэргүй хөгжинө. Харин сонгодог урлагийг улсын дэмжлэг, хөрөнгөөр зориуд хөгжүүлэх ёстой. Яагаад гэвэл энэ бол ашиг олдог эд биш. Гэтэл энэ бодлого алдагдчихаад байна. 

Төрийн том тоглолт, наадамд гадаад хүмүүст үзүүлж, улсынхаа нүүрийг талхалдаг гол юм нь сонгодог урлаг. Сонгодог урлаг хөгжсөн байдлаас шалтгаалж гадаадынхантай харьцах харьцаа хүртэл нөлөөлдөг. Ийм соёлтой улсын наад зах нь бизнесийн орчинд эерэг нөлөөлөл үзүүлнэ. 
“Чингис хаан” дууриараа дэлхийд гайхагдаж, “Уран хас” балетыг гадаадынханд үзүүлж, “Чио Чио сан” гэдэг дэлхийн дуурийг тоглодог гэж ам бардам ярьж байх учиртай. Түүнээс бидэнд машин техник үйлдвэрлэдэг гээд хүнд үзүүлэх юм байхгүй шүү дээ.

Тиймээс уран бүтээлчдээ өөд нь татах хэрэгтэй. Энэ салбарыг гаргуунд нь гаргачихсан учир уран бүтээлчдийнх нь амьдралын түвшин доогуур байна.  Урлагийн бид их нэрэлхүү. Багш эмч нар шиг талбай дээр очоод уриа лоозон бариад зогсож чаддаггүй. Гармаар байсан ч санаа зовдог, ичдэг, ажлаа л сайн хийе гэсэн сонгодог урлагт сэтгэл санаа нь шулуудсан хүмүүс. Бид энэ насаа сонгодог урлагт зориулсан, гэр бүлээрээ ажилласан, үр хүүхдээрээ хөгжүүлэх гэсэн хүмүүс урлагт үлдчихээд байна.

Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
Би Уралын хөгжмийн дээд сургуульд эхнэртэйгээ танилцсан. Уг нь Хөгжим бүжгийн дээд сургуулийн доод ангийн охин байсан юм. Би гэрээсээ хол олон жил удирдаач, хөгжимчний хоёр факультетэд зэрэг суралцсан. Тэнд надад хань хэрэгтэй гэсэн эр хүний бодол байлаа.
Тэгээд гэр бүлийн хүн Ц.Дэлгэрмөрөнтэйгөө танилцсан. Эхнэр маань ДБЭТ-т хийлч. Хойно сурч байхдаа гэр бүлийн өрөөнд бид хамт амьдардаг байлаа. Гэр бүлээрээ нэг дор ажиллах нь урлагийн хүмүүсийн дунд их байдаг. Дуурийн театрын хөгжлийн төлөө бид ажилладаг.

Та сая охиноо үнсэж байгаа харагдлаа. Хүүхдүүдээ их эрхлүүлдэг үү?
Охидоо эрхлүүлнэ, эхнэрээ эрхлүүлнэ. Эмэгтэйчүүд тийм юманд их баярладаг шүү дээ.

Та зураг авах хоббитой гэсэн. Хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?

1969 оноос хойш 50 жил фото зураг авлаа. Долоодугаар ангид байхад нэг багш надад аппарат өгсөн юм. Гэхдээ би тийм гоё сайхан зураг авдаггүй. Баримтат зураг голцуу авна. Өөрөө хороо найруулаад зургаа угаадаг байлаа. Ирэх жил миний зураг авч эхэлсний 50 жилийн ой болно. Энэ ойгоороо үзэсгэлэн гаргах бодолтой байна. Урлагийн хүмүүс, Хөгжим бүжгийн дунд сургууль, ДБЭТ, Уралд суралцсан долоон жил, Филармонид ажилласан 12 жилийн маш олон зураг надад бий.
Дээр нь би Монгол Улсын спортын дэд мастер цолтой. 1996 оноос снүүкер спортоор хичээллэж байна. 18 жил шагай харвасан. Урлагийн хүмүүсээс гадна өөр мэргэжлийн хүмүүстэй найзалж нөхөрлөж явах бас сонирхолтой байдаг юм. Сайхан мэдлэг боловсролтой хүнтэй ярилцах сайхан шүү. Сэтгэл сэргэж ирээдүй сайхан харагддаг. Тийм учраас найз нөхдөө их зөв сонгож нөхөрлөх хэрэгтэй.

Таны нэртэй холбоотой хөгжилтэй яриа байдаг. Удирдаач Н.Туулайхүү, Ц.Пүрэвхүү, Х.Үнэнхүү гурвын тоглолт болсон тухай. Үнэхээр болсон явдал уу?
Х.Үнэнхүү надтай хамт анх оркестрт дуулж байсан авьяаслаг дуучин. Ц.Пүрэвхүү маань миний дотнын найз. Бид хэд ярилцаж суугаад “Бидний нэрээр онигоо гаргаад байх юм. Гурвуулаа тоглолт хийе” гээд “Хүү” нэртэй тоглолт Соёлын төв өргөөнд хийсэн юм.

Тоглолтдоо Туулайхүү, Пүрэвхүү, Үнэнхүү нэртэй хүмүүсийг уриад тэдэндээ бэлэг өгөхөөр шийдсэн. Тэгээд хүмүүстээ бэлэг өгөөд эхэлтэл хөөрхий Пүрэвхүү маань “шатаж ” байна аа. Бараг 20-иод Пүрэвхүү гарч ирээд бэлгээ өгөөд байлаа. Үнэнхүү нарыг дуудтал 10 гаруй Үнэнхүү гарч ирээд бас “шатаж өгч” байна аа. Туулайхүү гээд дуудтал гурван хүн гарч ирлээ. Нэг нь 20 гаран насны залуу, 5-6-р ангийн хүүхэд, бас ээждээ тэврүүлсэн жаахан хүүхэд гарч ирсэн. Тэр хүүхэд америк паспорттой. Яагаад Туулайхүү нэртэй болсон юм гэхэд тэр хүүхдийн өвөө нь намайг их хүндэлдэг хүн байсан болохоор миний нэрийг өгсөн гээд ярьж байсан. Сайхан санагдаж билээ. Тэгээд би болохоор гурван хүндээ шагнал өгөөд, арай “шаталт” багатай өнгөрсөн юм. /инээв/  

Манай Ц.Чинзориг хөгжмийн зохиолч их шооч хүн л дээ. Уг нь энэ Д.Баасанжавын үг “Дэнсээ юу” гэдэг дуу шүү дээ.  Тэгтэл Баасанхүүгийн үг, Ц.Пүрэвхүүгийн ая “Дэнсээхүү”. Хайчинхүүгийн Үнэнхүү дуулж, Туулайхүү удирдана. Бүжинхүү бүжиглэнэ. Анги удирдсан багш Галхүү, билет таслагч Дашхүү, зарлагч нь Чулуунхүү гээд арван хүү болгочихсон. Хүмүүс энэ онигоог их ярьдаг юм билээ.

Туулайхүү нэрний учрыг тайлбарлахгүй юу?
Би Туул голын эрэг дээр өссөн хүн байгаа юм. Хоёрдугаар төрөхөд төрсөн. Манай гэр Удирдлагын хөгжлийн институт, хуучнаар намын дээд сургуулийн яг урд талд байлаа. Аав маань АПУ-гийн захирал байсан. Надад анх Туулаа гэдэг нэр өгсөн. Тэр үед Туул голын тухай “Туулаа” гэж дуулдаг дуу байсан юм билээ. Туул гээд нэрлэчихээр эмэгтэй болчихно гээд Туулаа гэдэг нэр өгсөн. Манай аав намын даалгавраар Өвөрхангай аймгийн Хархорины гурилын үйлдвэрийн даргаар томилогдсон. Ингэхдээ би Хархоринд нэгдүгээр ангид орлоо. Гэтэл ангийн охид намайг Туулай гэж дуудаад, “Туулай туулай тонгос. Туулайн бөгс ондгос” гэж шоолно.

Манай ангийн Товуужав багш дуу хөгжмийн багш байсан юм. Намайг дуу хөгжимд дуртай болгосон хүн. Багш маань энэ хүүхдийг туулай гэж амьтан болгоод яах вэ гээд журнал дээрээ Туулайхүү гээд биччихсэн. Дараа нь  дөрөвдүгээр ангиа төгсөөд Хөгжим бүжгийн дунд сургуульд орохдоо би нэрээ сольё гэж бодсон юм.

Тэгтэл манай гурилын үйлдвэрт Туулайхүү нэртэй, жирвийсэн сахалтай их гоё инженер хүн ирсэн. Тэр хүнийг хараад ээж аавдаа нэрээ солихоо болилоо. Хорвоод ийм нэртэй хүн байдаг юм байна гээд Туулайхүү нэртэйгээ үлдсэн түүхтэй. Дараа нь паспорт авах гээд төв архиваар нэрээ шүүлгэхэд Туулаа гэсэн нэр гарч ирж билээ.

Би өөртөө ганц л амлалт өгсөн...

Амьдралынхаа мөрдлөг болгон явдаг үнэ цэнтэй ямар зөвлөгөө авч байсан бэ?
Хөгжмийн дээд сургуулиа төгсөхөд багш маань надад зөвлөмж өгье гэлээ. Би нэлээн зузаан дэвтэртэй зөвлөгөөг нь бичиж авах гээд очиход багш “Чи өөрөөсөө мундаг, бас тааруу удирдаачийн сургаалийг байнга сонсож бай. Ингэснээр чи сайн удирдаач болно” гэж хэлснийг би байнга мөрдлөг болгож ирсэн. Түүнээс хойш төрийн наадам, филармони, Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн ансамблийн чадварлаг удирдаачдын удирдаж буйг зав л гарвал гүйж очиж үздэг байлаа. Энэ нь надад их дөхөм сургалт болсон. Хүн надаас үүгээр илүү, тэр надаас тэрүүгээрээ дутуу, би тэрийг сайн эзэмших хэрэгтэй гэх мэт мэргэжлээ үргэлж дээшлүүлж байх хэрэгтэй.

Та ханийнхаа хайр халамжийг мэдэрч явсан тухай ярьсан. Гэр бүлийн хариуцлагын тухай залуучууддаа та юу гэж хэлэх вэ?
Монголын гэр бүлийн салалт их хэцүү болчихсон байна. Тогтвор суурьшилтай амьдрах нөхцөл бага болчихсон уу, эсвэл хүмүүсийн оюун ухаан дорд орчихсон уу. Эр хүний нэг бодол надад бий. Би эхнэртэйгээ гэрлэхээс өмнө эхнэрээ сайн харж, сайн шинжсэн. Тэгээд надад ганцхан шийдвэр гаргах санаа үлдээд байлаа. Би эхнэртээ нэг л өдөр “Би чамтай амьдаръя” гэдэг үгээ хэллээ. Тэр үгнээсээ би энэ амьдралдаа хэзээ ч буцахгүй гэсэн тангараг өөртөө тавьсан. Муу ч бай, сайн ч бай, энэ дэлхийд би доошоо ч орсон, дээшээ ч гарсан бай би тэр хүнтэйгээ хувь заяагаа нэгтгэсэн бол энэ амьдралаараа дуусна гэж өөртөө хэлсэн юм. Амьдрал гэдэг бол асар богинохон. Бүр маш богинохон. Оддын ертөнцөд манай дэлхийн нас нүд цавчихын  дайтай богино хугацаа.

Бид 200 жил амьдардаг бол  үгүй мөн их юм бүтээх байжээ. Гэтэл миний ажилласан 30 жил яагаад ийм хурдан өнгөрчихөв гэдгийг би ойлгодоггүй.  Учир нь би сэхээ авах зайгүй ажилласан байна. Нэг мэдэхэд зун, нэг мэдэхэд өвөл болчихсон. Гэтэл хүний амьдрал нэг хүнтэй гэрлээд амьдралаа зохиоход хүртэл богиноддог юм. Тийм учраас би нэг л удаа шийдвэр гаргасан, тэр шийдвэртээ бат зогссон.

Зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

Гэрэл зураг, видеог:  О.Сүхбат

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2018-10-20 16:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
    Нийт 3456 санал өгсөн байна.

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ